• Ковидын эсрэг вакциныг гаргаж авахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн Кэйтилин Кэрико

    Хүн төрөлхтөн нэгэн том сорилтыг даван туулж байна. Өнгөрсөн өвлөөс эхэлсэн Ковид-19 цар тахлын гамшгийг дарах вакцинууд бүтээгдэж эхнээсээ олон нийтийг вакцинжуулж эхэлсэн. Энэхүү вакциныг гарган авахад гол үүрэг гүйцэтгэсэн Унгарын цагаач эрдэмтний тухай АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын цахим сайтад Индиана мужид амьдарч буй Викторын Пагва мэдээлэл бэлтгэж гаргажээ. Энэхүү нийтлэлийг та бүхэнтэйгээ хуваалцая.

    Эрдэмтэн хүнд мөргөмүй!

    Дэлхийн хэд хэдэн оронд туршилт нь амжилттай гарсан чамгүй хэдэн вакцины ачаар ирэх жилээс хүн төрлөхтөний амьдрал ямар нэгэн байдлаар хэвийн байдалдаа эргэн орох өндөр боломж бүрдлээ. Ковидын эсрэг вакциныг ухаант эрдэмтэн мэргэдүүд асар богино хугацаанд бүтээлээ.

    Энэ вакциныг гаргаж авахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн бол Филаделфи хотын захын нэгэн дүүрэгт эгэл даруухан амьдардаг, 65 настай, Унгараас цагаачилж ирсэн эрдэмтэн, биохимич, доктор Кэйтилин Кэрико билээ. Click To Tweet

    Түүний лабораторийн өрөө, микроскоф дурангаас салалгүй, 40 гаран жил судалж, хөгжүүлж, нээсэн mRNA технологийн хүчээр Фэйзэр/БиоНТек болон Модерна компанууд ковидтой тэмцэх вакциныг 95% хувийн амжилттай гаргаж авсан байна. Өөрөөр хэлбэл Их Британи, Америк, Герман гэх барууны улсуудад түгээгдэж эхлээд байгаа дээрх хоёр компаний вакцин болон бусад улс орнуудын вакцин энэ технологийн буянаар амжилтанд хүрсэн гэдэгт ихэнх эрдэмтэд санал нэг байна.

    Үйлчлэх төвшин өндөр хувьтайгаас гадна асар богино хугацаанд буюу жилийн дотор гарсан нь гайхамшиг билээ. Түүний олон жилийн судалгааны хамтрагч, immunologist, Dr. Дрю Уэйсмэн бас энэ судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг дурьдах хэрэгтэй.

    Доктор Кэрико “Энэ бол дэлхийн өнцөг булан болгонд байгаа, цаг нар, нойр хоолгүй ажилсан мянга, мянган эрдэмтэдийн хамтын хүч шүү. Тэр эрдэмтэдэд бид баярлах хэрэгтэй” гээд даруухан инээмсэглэн хэлэхийг зурагтаар харахад сайхан байсан.

    Гэхдээ энд нэг зүйлийг нэмж дурдахад өнгөрсөн өвөл Ковид-19 гараад л, дэлхийн олон эрдэмтэд эм тариа, вакцин гаргаж авахаар хамцуй шамлан орсон юм бишээ. Ер нь 2002 онд гарсан SARS-аас эхлэн ерөнхийдөө хүн төрлөхтөнд тахиан ханиад, гахайн ханиад, H1N1, шувууны вирус гэх мэт элдэв вирус, амьсгалын замын өвчин тархах нь гарцаагүй болсон. Үүнд дэлхийн олон эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, лабаротори, эрдэмтэд бэлтгэж байсан билээ.

    Доктор Кэйтэлин Кэрикогийн судалдаг mRNA технологи анх 1961 онд Калифорни Технологийн их сургуульд (Cal Tech) нээгдсэн юм байна. Энэ аргыг ДОХ-ын вирус болон хорт хавдрын эсрэг олон туршилтанд өргөнөөр хэрэглэгдэг байна. Эрдэмтэд энэ технологийг “software of live” гэж хочлон дууддаг нь тохиолдолын хэрэг биш юм. Бусад вакцин шиг шууд эсрэг биет оруулахгүй, харин эсийн бөөмд хавдарын вирустэй тэмцэх цочилт өгдөг  байна. Яг нарийн, ширийн зүйлийг нь мэргэжлийн хүн л сайн тайлбарлах нь байх.

    Харин Доктор Кэйтэлин Карико гэж хэн бэ? Түүний талаар товч хүүрнэе. 1955 онд Унгарын нэгэн жижиг хотод төрсөн Кэйтэлин арван жилдээ гоц хүүхэд байгаагүй гэнэ. Харин их сургуульдаа цойлж, биохимич болж 1978 оноос mRNA судалгааг голлон судалж эхэлсэн байна.

    1985 онд АНУ-ын Temple их сургуульд PhD хамгаалж, 1990 оноос Pennsylvania-ын их сургуульд судлаач эрдэмтэнээр ажиллах болжээ. 1990 онд социлист Унгараас Америк руу цагаачилахдаа хувийн машинаа зараад 1200 долларыг хоёр настай охиныхоо чихмэл тоглоомонд нууж нөхөр, охины хамт хил давж байж. Америкт ирээд түүний судалгаа, карьер, амьдрал шулуун дардан байсангүй.

    Хүн амьтантай харьцахдаа эв дуй муу, англиар цэвэрхэн ярьж чаддаггүй, ажилдаа махруу ч зожиг зан чанар нь дэгж, дэвшихэд хүндрэл учруулдаг байж. Бүүр ажлаасаа халагдаж, лабораториосоо хөөгдөж ч хүртэл үзсэн байна. Ажил, визээ алдах аюул удаа дараа нүүрлэж байж.

    1998 онд Temple их сургуулийн доктор Уэйсмэнтэй хамтран судалгааны ажил хийх болсноор олон амжилтууд нь эхэлсэн байдаг. 2005 онд түүний олон жил уйгагүй судалсан бүтээл нь амжилттай болж, тухайн үедээ биохимийн шинжлэх ухаанд эргэлт авчирсан байна.

    Түүний нээсэн нээлтэнд патент гаргуулж, түүн дээр үндэслэн Модерна компани үүссэн түүхтэй билээ. Тэрээр одоо БиоНтех (BioNtech) компаний дэд ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай ч тэр компаний үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй Click To Tweetбайдаг гэнэ.

    Түүний нээсэн нээлтийн патентыг л ашиглах учраас дэд ерөнхийлөгч гэсэн бэлгэдэлийн албан тушаал өгсөн боловч эгч өмнөх энгийн амьдралаараа л амьдардаг гэнэ. Өглөө таван цагт босч, сэлүүрт завины бэлтгэлээ хийчээд, кофегоо барьсаар лаборатори өрөөндөө ордог.

    Тэрээр одоо дэлхийд нэрд гарч байгаа компаний ногдол ашгаас 3 сая орчим америк доллар авах байх, би сайн мэдэхгүй ээ, тэр нь надаа чухал биш гээд инээж байна лээ. Click To Tweet Сонирхуулж хэлэхэд тэрээр нөхөртэйгээ холын зайн марафонд гүйдэг, сэлүүрт завиар тогтмол хичээллэдэг. Төрсөн ганц охин нь сэлүүрт завины төрөлд Олимпоос хоёр алтан медаль зүүсэн мундаг тамирчин байдаг юм байна.

    Эгэл жирийн ийм эрдэмтэд бидний дунд мянга, түмээрээ амьдарч, ажиллаж, судалж байна. Тэд хэнээс ч гавьяа шагнал, нэр алдар, албан тушаал гуйдаггүй. Зөвхөн судалгаа, шинжилгээ хийх орчин, нөхцлийг л бүрдүүлж өгөхийг хүсдэг билээ. “Миний энэ насны хөдөлмөр үр шимээ өгч, олонд хэрэг болж байгааг харж чадсандаа л баяртай байна” гэж доктор Кэйт хэлсэн билээ.

    Викторын Пагва

    Индиана муж, 12/16/2020

    Эх сурвалж: NY Post, CNN/ Coumo Prime Time

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ