“Иргэдээ гадаадад боолын хөдөлмөр эрхлүүлж байхаар адил цалинг нь өгөөд эх оронд нь ажиллуул”

2021-11-19

Чуулганы хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Монголын төр бодлого гаргах ёстой. БНСУ-д 47 мянга, Японд долоон мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байна. Хүнд хортой ажил эрхлээд тухайн улсын дундаж цалингаас 30 хувиар бага цалин авч байна. Нэг ёсондоо боолын хөдөлмөр эрхэлж байна. Монголд ажилладгаас хавь илүү цалин авч байгаа ч буцаад ирэхдээ бүгд эрүүл мэндийн асуудалтай болоод ирдэг. Ирээд цуглуулсан хэдэн төгрөгөө эрүүл мэнддээ зарцуулаад дуусдаг. Дээрээс нь гэр бүл нь тогтворгүй болчихсон, салдаг.

Бид нар гадаад руу ажиллах хүчин гаргахаас илүү монголынхоо бүтээн байгуулалтад оролцуулмаар байна.

Зүүнбаянгийн төмөр зам бол нэг бодит жишээ. Гадаад ажиллахаар дундаж цалин 3-4 сая төгрөг байдаг юм байна. Оронд нь цэргүүдээрээ хийлгээд, хөдөлмөрт дуртай болгож, халагдахад нь хуримтлалтай болгоод халагддаг байх хэрэгтэй.

Нарийн мэргэжилтэй гадаадын иргэн авахыг зөвшөөрч байгаа. Гэтэл монголд ажиллаж байгаа монгол, гадаад хүмүүсийн цалин маш их ялгаатай. Жишээ нь, Оюутолгойг хар. Монголчуудын цалин гадаадуудын хусмыг долоож байгаатай адил байна. Энэ зөрүүг тэнцүүлэх чиглэлд анхаарах ёстой.

Гадаадад байгаа иргэдээ монгол руугаа татаж, бүтээн байгуулалтандаа оролцуулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ