Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.
Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно” гэжээ.
Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ” хүчит бөхийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан. Улмаар тус барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг МҮБХ-ноос зарласан юм. Ингэхдээ шинжилгээ өгсөн 18 бөхийн дөрвөөс нь илэрсэн. Тус бөхчүүд B сорьцийн шинжилгээгээ өгөх эсэх хариугаа өгсөний дараа МҮБХ-ноос нэрсийг зарлана хэмээн мэдээлж байв.
Улсын арслан Э.Оюунболдын хувьд хоёр дахь удаагаа ийнхүү допингийн шижилгээнд бүдэрч байгаа юм. Энэ удаа түүнд ямар хариуцлага тооцох нь сонирхолтой юм. Өмнө нь аварга цолыг нь хураасан. Энэ удаа арслан цолыг нь хураавал хатуудах байх гэх хүн цөөнгүй байна.