
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн (шинэчилсэн найруулга) төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр багш нарын хэлсэн саналуудаас хүргэж байна.
14-р сургуулийн Сургалтын менежер Лхагвасүрэн:
Миний өөрийн хүүхдээ үнэлдэг үнэлэмж маань тухайн хүүхэд өөрийн зорилгын төлөө суралцаж байгаа эсэхээр нь үнэлдэг. Өнөөдөр хүүхдүүд хоосон дүнгийн төлөө, тухайн багшид таалагдахын төлөө суралцаж байна. Багш хуул гэвэл хуулдаг. Хүүхэд үнэнээ хэлэхээр хүүхдийг загнаад байдаг. Үнэлгээний тогтолцоо нь буруу байгаа учраас хүүхэд яг юуны төлөө сурч байгаагаа мэддэггүй.
Хүүхэд бүр онц сурах албагүй. Олон хувилбарын үнэлгээний тогтолцоог бий болгох хэрэгтэй.
Багш бэлтгэх сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг нэг жил дадлага хийлгэх шаардлагатай. Одоо 14-28 хоног л дадлага хийдэг. Төгсөх курсийн оюутнууд өөрсдөө сургуулиа сонгоод нэг багшийг дагалдаад дадлага хийх шаардлагатай. Нэг багш нэг оюутныг бэлтгэх хөтөлбөрийг нэвтрүүлвэл яасан юм. Дагалдуулж байгаа багшид нь тодорхой урамшуулал олгох нь зүйтэй. Тэгэхгүй бол сургууль төгсөөд ирж байгаа багш нар өөрөө дадлагын оюутан шиг нэг жил явж байна.
61-р сургуулийн захирал Мөнхчимэг:
Сургууль, цэцэрлэгийн захиралын томилгоо улс төрөөс хараат бус байх ёстой. Сургуулийн эв нэгдэл, байгууллагын соёлд ч нөлөөлж байгаа. Ажлын байран дээр таван жил багшилж байж багш гэж хэлэгддэг болно. Бага ангийн хүүхдүүдэд нарийн шинжлэх ухааны хичээлийг илүү мэргэжлийн багш зааж байвал тухайн хүүхдэд хүрэх шинжлэх ухаанч мэдлэг илүү байна. Боловсролын салбарын цахим шилжилт гэж ярьж байгаа боловч гэр хороолол, алслагдсан сумдад байдал яг хэвээрээ байгаа. Хотын төвийн сургуулийн хүүхдүүд бүгд гэртээ интернеттэй, компьютертэй байхад гэр хорооллын хүүхдүүд аав, ээж нь гэртээ ирсэн үед л хичээлээ хийж болно.
Сургуулийн орчны стандартыг төр өөрөө гүйцэтгэх хэрэгтэй. Улс, хувийн сургуулийн хоорондын ялгааг төр хариуцаж арилгах ёстой.
40-р сургуулийн захирал:
1-6 дугаар ангийн хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд нь л хамгийн их анхаармаар байна.
Хүмүүжилтэй, төлөвшсөн хүүхэд маш сайн сурдаг. Багш нарын үр дүнд нь суурилж цалин олгоно гэж байна. Үүний тулд шалгуур үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай, бодитой дүгнэх шаардлагатай. Сэтгэлтэй, ажилдаа тууштай багш нар олон бий.
Олонлог сургуулийн математикийн багш Баяржаргал:
Хувийн, улсын гэж их талцдаг болсон. Хувийн сургуулийн багш баян хүүхдүүдтэй ажилладаг, баян хүн цаашаа гэдэг. Баян хүнд дургүй байх сэтгэлгээг бий болгосон байна. Хувийн сургуулиуд улсын ачаанаас үүрч яваа сургууль.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Боловсролын багцийн багц хуулийн шинэчилсэн найруулга монголын боловсролын системийг ирэх жилүүдэд аятайхан болгох учиртай. Зөвхөн өөр өөрийнхөө ажил мэргэжлийг бусдаад илүү гэж ярьж болохгүй. Багш ч чухал, нийгмийн ажилтан ч чухал үүрэгтэй. Өнөөдөр монголын багш нар 300 ам.долларын цалин авч байх үед дэлхийн боловсрол нэхэж болохгүй. Эцэг, эхчүүд нь ч тэр, нийгэм нь ч тэр. Мөн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал маш бага.
Хувь, улсын сургуулиудын хооронд ялгаа байх ёсгүй. Хувийн хэвшлүүдийн сургууль, цэцэрлэг төрийн ачаанаас үүрэлцэж, төрөөс өгч чадахгүй байгаа орчныг хүүхдүүдэд хүргэж байна. Харин энэ удаагийн хуулин дээр үдийн хоолны зардлыг хувийн сургуулиудад нэмэгдүүлэх заалт тусгагдаагүй. Багш болох гэж байгаа оюутнуудын хувьд сургуулиа төгсөөд нэг жил багш дагаж дадлагажих ёстой гэж ойлгож байна” гэлээ.