Н.Тавинбэх: Улаанбаатар хот хөлдөх эрсдэл дунд байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл, өргөтгөл шинэчлэлийн төсөл, арга хэмжээний үйл явцтай танилцаж байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цахилгааны 16 эх үүсвэр барьж байгуулахаар тусгасан. Эдгээр нь ашиглалтад орсноор цахилгааны хүчин чадал 1820 МВт буюу 1-3 дахин нэмэгдэж, 3300 МВт болно. Улмаар өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахаас гадна том төсөл, хөтөлбөрүүдэд эрчим хүч нийлүүлэх бүрэн боломжтой.

“ДЦС-3″ ТӨХК-ийн дунд даралтын станцын ашиглалтын хугацаа дууссан, хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн. Бид урьдчилж шинэчлэлт хийж чадах уу, эсвэл эвдрээд зогсох уу гэдэг асуудал үүснэ. Бүх үндсэн хийцийн ашиглалтын хугацаа дууссан. Турбо генератораар 220 мянган цаг буюу 25 жил ажиллах ёстой. Гэтэл одоогийн байдлаар 220-240 мянган цаг ажиллачхаад байна. Мөн 1966-1968 онд ашиглалтад орсон учраас үйлдвэрлэлээс хасагдсан, сэлбэг материал олдохгүйн зовлон их бий. Улаанбаатар хот хөлдөх эрсдэл дунд байна.

Тиймээс “ДЦС-3″ ТӨХК-ийн дунд даралтын станцын оронд 150 МВт хүчин чадалтай хоёр станц барих төсөл эхлүүлсэн. Тэгэхээр дулааны ачааллыг шилжүүлэхийн тулд өндрийн станцыг 50 МВт-аар өргөтгөх шаардлагатай. Ингэж дулааны ачааллыг шилжүүлсний дараа дунд станцаа шинэчлэх дараалалтайгаар ажиллана” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдын хувьд өнөөдөр анхны төсвөө УИХ-аар батлууллаа. Энэ удаагийн төсөвт гурван агуулгыг онцолсон. Нэгдүгээрт, эрчим хүчний чадавхыг анхаарсан төсөв боллоо. Хоёрдугаарт, боомтуудыг авто болон төмөр замтай холбох, гуравдугаарт Улаанбаатар хотын түгжрэлийн үндсэн шийдлийг гаргахад чиглэсэн онцлогтой төсөв баталсан.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд боомтуудын хүчин чадлыг анхааралгүй орхиж ирсэн. Үүний үр дүнд Замын-Үүд боомтоос  хамааралтай болсон. Өөр өрсөлдөх боомтыг шийдэж чадаагүй. Өнөөдрийн байдлаар нийтдээ 27 боомт байгаа мөртлөө авто замаар ч холбож чадаагүй. Шулуухан хэлэхэд Улаанбаатарын төмөр замын хэдэн вагоноос Монгол Улсын экспорт хамаарч байна. Ирэх долоо хоногоос эдийн засгийг сэргээх эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудлыг Засгийн газар УИХ руу оруулна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn