Apple-ийн 1976 оны модон гадартай компьютер 500,000 доллараар зарагджээ

2021-11-11

Калифорнийн дуудлага худалдаагаар Стив Вознякийн зохион бүтээсэн, Стив Жобс, түүний эгч, Даниел Коттке нарын 1976 онд гэртээ гараар угсарсан Apple-1 компьютер зарагджээ. Дуудлага худалдааны “John Moran” компанийн мэдээлснээр 1976-1977 онд үйлдвэрлэгдсэн Apple-1 нь бүрэн угсарсан байдлаар зарагдсан анхны персонал компьютер байв. Энэхүү загвар нь Хавайн арлуудаас гаралтай коа хуайсаар хийсэн модон хайрцагтай. Үүнийг 1986 оны Panasonic дэлгэц, Xerox-ын хэвлэсэн хэрэглэгчийн гарын авлага, хуурцаг дээрх программ хангамж, оригинал кабелийн хамт дуудлага худалдаанд оруулсан.

Apple-1-ийг гаргах хөрөнгө олохын тулд Стив Жобс Volkswagen микро автобусаа зарахаас өөр аргагүйд хүрч, Стив Возняк HP-55 тооны машинаа 500 доллараар заржээ. Нийтдээ 200 гаруй ийм компьютер үйлдвэрлэсэн. Тэд 666.66 доллараар зарагдсан. Одоо дэлхий дээр эдгээр машинуудаас 60 орчим нь байдаг гэж үздэг ч ердөө 20 нь л ажиллаж байна.

Калифорнид зарагдсан компьютер бүрэн ажиллагаатай. Борлуулахаас өмнө олон жилийн туршид хоёрхон эзэнтэй байсан. Эхнийх нь Чэффи коллежийн профессор, хоёр дахь нь 1977 онд профессороос Apple-1-ийг 650 доллараар худалдаж авсан коллежийн оюутан байв. Энэ компьютер сүүлийн хэдэн арван жилийн турш нэрээ нууцлахыг хүссэн хуучин оюутны эзэмшдэг Кукамога ранчо дээр ажиллажээ. Apple-1-ийн мэргэжилтэн Кори Коэн Los Angeles Times  сонинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, худалдаа нь “хуучин үеийн электрон бараа, компьютерийн техник хэрэгсэл цуглуулагчдын хувьд ариун арга хэмжээ бөгөөд олон хүнийг баярлуулах болно” гэжээ.

Холбоотой мэдээ