Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчийг харуулсан Ц.Даваасүрэнгийн үг түүнд хариуцлага тооцох шаардлагыг УИХ-д хүргүүлэв

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Төрөөс мөнгөний талаар 2022 онд баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хөрөнгө оруулалтын талаар дараах байр суурийг илэрхийлсэн нь нэлээд хэл ам таталж байна.

Ц.Даваасүрэн гишүүн “Дарханы арьс ширний цогцолборыг 2022 онд барьж эхэлбэл 2024 онд ашиглалтад орно. Үүнд төв банк оролц. Хамгийн багадаа 500 сая ам.доллар орно. Ийм зүйлд та тархиа чилээ л дээ. 100 сая ам.доллароор энэ үйлдвэр ашиглалтад орно. Хоёр жилийн дотор барина. Бид өөр юмаар валют олж чадахгүй. Хулгай дээрмээр, янз бүрээр баялгаа зөөхөөс өөр юм бидэнд алга. Баялгаа зөөгөөд мөнгө олж байгаа нөхөд ийм зүйлд хөрөнгө оруулахгүй байна. Хөрөнгө оруулалт гээд хашхираад байдаг хэр нь цагтаа тулаад ирэхээр гадаад руу мөнгө шидчихээд, ийм юм руу хөрөнгө оруулахгүй байна. Та нар хийлдээ, та нар оролц.

Манай бизнесмэнүүд дээрмээр мөнгө олсон учраас залхуу байхгүй юу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй, залхуу. Элдэв хулгай луйвраар мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Ийм юм руу хөрөнгө оруулалт хийдэггүй. Тийм учраас төр өөрсдөө авч явж чадахгүй бол шал худлаа. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашхирахаас өөр юм байхгүй” гэлээ.

Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр Ц.Даваасүрэнд ч, бизнес эрхлэгчдэд ч аль алинд нь буруу бий. Манай бизнесийнхэн өөрсдөө хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулаад босгосон том үйлдвэр, аж үйлдвэрийн парк хаа байна. Банкууд гэхэд эрхлэх хүрээнээсээ хальдаг. Тухайлахад ХХБ гэхэд Эрдэнэтийг төрийн мөнгөөр авсан гэгдсэн. Бас банк байж охин компаниуд байгуулан аж ахуй эрхэлдэг хэмээн шүүмжлүүлдэг. Одоо бас ХААН банкны асуудал хөндөгдөөд байна. Энэ бүхэн Ц.Даваасүрэн гишүүнийг том компаниуд, бизнесүүдэд ийм үгийг дайхад хүргэсэн байх. Түүнээс нийт аж ахуйн нэгжид ийм үе дайгаагүй байлгүй дээ.

Мөн энэ үгтэй холбоотойгоор Ц.Даваасүрэнгийн 10 хувийн хэмээх муу нэр нь сэргэж, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлууд, Эрчим хүчний сайд байх үеийнх нь явдлуудыг сөхөж байна.

Тэгвэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ц.Даваасүрэнг нийт хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан. Мөн МҮХАҮТ-аас УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд хариуцлага тооцохыг шаарджээ.

Шаардлагад:

МҮХАҮТ-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарт шаардлага хүргүүллээ.

Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын чуулганы танхимаас бизнес эрхлэгчдийг илтэд гүтгэн доромжилсон аястай үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд зохих ёс зүйн хариуцлага хүлээлгэж, гишүүний хувьд хэлсэн үгэндээ нийт бизнес эрхлэгчдээс уучлал эрэхийг шаардаж буй бөгөөд хэрвээ шаардлагын дагуу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол нэр хүндэд халдсан асуудлаар бодлогын өмгөөллийн хүрээнд шүүхэд хандахаа мэдэгдэж байна.

Монгол Улсад бусдын гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог атал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон, элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон гэж цоллож, бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтнүүд мэтээр олон нийтэд хандан мэдэгдсэн энэхүү үйлдэл нь бизнес эрхлэгчдийг гутаан доромжилсон, гүтгэсэн, олон нийтийг талцуулсан гэмт үйлдэл юм.

Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг дээрэмдэх, хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцдог бөгөөд хэрвээ УИХ-ын гишүүн илтэд буруу ташаа мэдээлэл түгээж хэлсэн үгэндээ ёс зүйн хариуцлага хүлээж, албан ёсоор уучлалт гуйхгүй бол шүүхийн байгууллагаар асуудлыг шударгаар шийдвэрлүүлнэ” гэсэн байна.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn