Нийслэлийн 7 дүүргийн 47 хороонд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 138 бүртгэгджээ

ЭМЯ-наас өгсөн мэдээллээр 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 138 байна. Өнөөдөр ХӨСҮТ-ийн ажилтнаас өөр голомтот халдвар нэмж бүртгэгдээгүй.

Нийслэлд бүртгэгдсэн 138 тохиолдлыг дүүрэг, хороодоор нь авч үзвэл 7 дүүргийн 47 хороонд бүртгэгджээ. /Статистик мэдээллийн эх сурвалж: ЭМЯ/

Тэгвэл орон нутагт 6 аймагт нийт 316 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Ингэснээр дотоодын халдвар 454 болоод байгаа ажээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтны халдварын тоог нийт дотоодын халдварын тоонд оруулдаггүй. Энэ нь тус салбарынхан тусгаарлалтад орж ажиллан, байнга шинжилгээнд хамрагддаг тул гадагш халдвар тархах голомтод тооцогддоггүй аж.

Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдвар өнөөдөр нэгээр нэмэгдэж 20 болсон. Үүнээс ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн 17, Цэргийн төв эмнэлгийн 3 ажилтан халдвар аваад эмчлэгдэж байгааг ЭМЯ мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 906 байгаа бөгөөд 454 нь дотоодынх бол 452 нь зөөвөрлөгдөн орж иржээ.

Тандалт, шинжилгээнд сайн дураар болон 70,000 өрхийн нэг гишүүн, батлагдсан тохиолдлын хавьтлуудыг хамруулан, өнөөдрийн байдлаар нийт 378,541 иргэний PCR шинжилгээг хийжээ. Түүнчлэн 46 барилга байгууламжийн 18,830 кв.м талбайг халдваргүйжүүлсэн байна.

Ирэх долоо хоногоос бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж байгаа ч халдвар тархах өндөр эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж, зөвлөмж өгч байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ