Я.Содбаатар: Шигүү ойг сийрэгжүүлэх технологийн ажил хийгдэж байна, тэрнээс биш уулнаас мод зөөгөөгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Ойн үндэсний чуулган” хоёрдугаар салбар хуралдаан “Ойжуулалт, нөхөн сэргээлт” сэдвийн хүрээнд болж, Нээлтийн ажиллагаанд ЕТГ-ын дарга Я.Содбаатар БОАЖ-ын сайд Н.Уртнасан оролцлоо.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр “Ойжуулалтын салбар 1990 оноос хойш орхигдсон. Ойн чиглэлийн мэргэжлийг нийт зургаан сургууль дээр бэлтгэж байна.

Иргэдэд ойтой харьцах соёлыг бий болгох ёстой. 330 сум, хороодоор явж сургалт зохион байгуулна. Иргэдэд мод тарих, цэцэг ургуулах сургалтыг хийнэ.

Ганцхан Монгол Улс тэрбум мод тарих талаар ярьж байгаа юм биш. Пакистан улс 10 тэрбум мод тарихаа амлаад нэг тэрбумыг нь тарьчихаад байна. Ганд тэсвэртэй, ус бага хэрэгтэй шинэ ургамлын сортууд гарсан. Бид инноваци, технологийн нутагшуулах хэрэгтэй.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд болсон явдал бол жил болгон хийх ёстой ойн технологийн ажил. Шигүү байгаа ойг сийрэгжүүлж байгаа ажил. Өнгөрсөн жил таван ААН-д ийм зөвшөөрөл олгосон. Гэхдээ тухайн ААН хуулийн дагуу ажилласан эсэх, өөрийн сийрэгжүүлэх талбайгаасаа давсан зэрэг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд уулын модыг авч ирж тарьдаг асуудал байхгүй, байх ч үгүй.

Ойн салбарын ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбож ойлгож огт болохгүй.

Өнөөдөр 43 ойн анги, 244 ААН мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ААН-үүдийг бодитойгоор дэмжинэ. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн компаниудын дэргэд ч ойн анги байгуулагдана” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn