Байден ОХУ болон ОПЕК-ийг шатахууны үнэ өсгөсөн гэж буруутгав

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөнд ОХУ болон ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээс татгалзсантай холбоотой гэв. Энэ тухай НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид (COP26) оролцогч талуудын 26 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.

“Нэгдүгээрт, үнийн өсөлтийн чухал шалтгаан нь коронавирусын тахал нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлсөн явдал юм. Та бүхэн үүнийг мэдэж байгаа” гэж Байден Глазго хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэв.

“Хоёрдугаарт, хэрэв бид бензиний үнэ, газрын тосны үнэд анхаарлаа хандуулбал Орос эсвэл ОПЕК-ийн орнууд илүү их газрын тос үйлдвэрлэхээс татгалзаж байгаагийн үр дагавар юм. Энэ нь эцсийн эцэст хаашаа хөтөлж байгааг харцгаая” гэв.

Bloomberg-ийн мэдээлснээр, АНУ болон Хятад, Япон, Энэтхэг зэрэг газрын тосны бусад томоохон хэрэглэгчид ОПЕК+-т дарамт шахалт үзүүлэхийн тулд хэдэн долоо хоногийн турш хаалттай хаалганы цаана дипломат кампанит ажил явуулж, оролцогч орнуудыг олборлолтоо цаашид нэмэгдүүлэхийг шаардаж байна.

23 улсыг нэгтгэсэн энэхүү картель одоо зах зээлд өдөрт 400,000 баррель нефть нэмж, өнгөрсөн жил түүхэн дэх хамгийн том нэг удаагийн бууралтын дараа нийлүүлэлтээ аажмаар хэвийн болгож байна.

Харин “хар алт” импортлогчид илүү ихийг хүсч байна. Bloomberg-ийн эх сурвалжийн мэдээлснээр, Байдены засаг захиргаа бензиний үнэ сүүлийн 7 жилийн дээд хэмжээнд хүрч өссөнд санаа зовж байгаа бөгөөд ОПЕК+ ирэх арваннэгдүгээр сарын 4-нд болох дараагийн хурлаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй тохиолдолд хариу арга хэмжээ авахаар бэлдэж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Brent маркийн нефтийн үнэ 130%-иар өсч, статистикийн мэдээллүүдээс харахад баррель нь 36 доллараас 83 доллар хүртэл өссөн байна. Goldman Sachs-ийн мэдээлснээр, 10-р сард дэлхийн агуулахууд өдөрт 4.5 сая баррелиар хоосорсон бөгөөд жилийн эцэст тэдгээрийн хуримтлагдсан нөөц сүүлийн 8 жилийн хамгийн бага хэмжээнд хүрч магадгүй ажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn