МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэгээс бусад гишүүд томилогдлоо

2020-12-10

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 7 гишүүнийг томилох асуудал хэд хоног хэлтэй, амтай үргэлжилж,өнөөдөр УИХ зургааг нь томиллоо.

ОНРТ-ийн тухай хуулиар Ерөнхийлөгч,Засгийн газар, УИХ нэр дэвшүүлж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд оруулснаар томилдог. Тэгвэл МҮОНТВ-ийн сувгийн захирлаар ажиллаж байсан Ч.Батцэнгэл Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо түүнийг дэмжсэнд МҮОНРТ-ийн сэтгүүлч,уран бүтээлчид эсэргүүцлийн суулт зарлаад байсан.

УИХ-ын гишүүд уг асуудалд  анхаарч, С.Амарсайхан, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Т.Аюурсайхан, Ш.Адьшаа нарын гишүүд Ч.Батцэнгэлийг нэрээ татахыг шаардсанаар тэрээр нэрээ татаж, санал хураалтад оролцсонгүй.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Хамт олноо удирдан зохион байгуулж, эв нэгдийг зангидаж чадаагүй хүн бодлогын зөвлөлд ороод өөрчлөн шинэчилнэ гэдэг үлгэр” гэсэн бол  Т.Аюурсайхан  “МҮОНТВ олон нийтээс мөнгөө авч үйл ажиллагаа явуулж байж улстөрчдийн нөлөөнд байдаг хэрэгсэл болсон. Хамт олны зөвлөлөөс хүртэл тэмцэл, эсэргүүцэл өрнөж байгаа нь олон нийтийн эрх ашигт үйлчлэхгүй байгаатай холбоотой. Гэтэл зарим нөхдийг нь огцрууллаа,хариуцлага тооцлоо гээд байхад дараагийн томилгоонд нь яаж хандаж байна вэ? УИХ-ын ТББ дээр энэ асуудал яаж яригдсан бэ, шинэчлэл, өөрчлөлтөд яаж хандаж байна вэ? Яагаад улстөрчид энд эрх ашгаа шургуулаад байдаг юм бэ” гэсэн.

Харин ТББ-ын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн сонгон шалгаруулалт явуулах ямар нэг журам байхгүй. Ерөнхийлөгч болон Засгийн газраас оруулж ирж байгаа хүмүүс шууд ороод ирж байхад УИХ-ын квотон дээр 29 хүн ороод ирсэн” гэв. 

Тэрээр, цаашдаа МҮОНРТ-ийн үйл ажиллагааг улстөрөөс, санхүү, боловсон хүчний хувьд хараат бус болгох шаардлагатай. Цаасан дээр хараат бус байгаа  ч амьдрал дээр хэрэгжихгүй байгааг хэлэв. 

Ингээд Ерөнхийлөгчөөс  түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны асуудлыг хариуцахаар нэр дэвшсэн Ж.Цэсэн, Засгийн газраас эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн  квотод нэр дэвшсэн   М.Уянга, Г.Отгонбаяр, УИХ-аас эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн квотод нэр дэвшсэн  Д.Цоодол,   М.Наранбаатар   Б.Ганболд нар хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 70.2-93.0  хувийн саналыг  авч тус тус томилогдов.

Ингээд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд шинээр томилогдсон 6 гишүүний намтрыг хүргэе.

Маруушийн Уянга:

 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1998 онд Москвагийн Соёл урлагийн их сургууль төгссөн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч найруулагч, менежер мэргэжилтэй. Соёл судлалын докторын зэрэгтэй.

Гомбожавын Отгонбаяр:

1973 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургууль, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн, инженер, сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй.

Жигжидийн Цэсэн:

 39 настай, Сүхбаатар аймгийн 10 жилийн I сургуулийг 1998 онд, Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр 2003 онд тус тус төгссөн байна. Уран зохиолын магистр, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрбээр 2000-2001 онд “Шар сонин” хэвлэлд сэтгүүлч, 2001-2002 онд Нийслэлийн Улаанбаатар радиод сэтгүүлч, 2002-2007 онд “Мянганы зууч” сонины албаны дарга, тоймчоор, 2007-2010 онд  “Ардчилал сонин” хэвлэлийн албаны дарга, тоймчоор, 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2017-2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн албаны даргаар, 2019-2020 онд “Сайн Пи ар” агентлагт зөвлөхөөр тус тус ажиллажээ.

Дамдингийн Цоодол:

 1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1985 онд 10 жилийн дунд сургууль, 1989 онд Улсын Багшийн Дээд сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн магистрын зэрэгтэй. 1989-2016 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч, 2012-2016 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн V нэгдлийн дарга, 2014-2016 онд Кино программын Ерөнхий продюссер, 2016 оноос “Цэцэн” энтертайнментийн захирлаар ажиллаж байна.

Мянганбуугийн Наранбаатар:

1974 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1991 онд дунд сургууль дүүргэж, 2002-2004 онд Удирдлагын академи, 2016-2019 онд Шихихутаг их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1996 онд МУИС-ийн ОУХПС-ийн Гадаад албаны ажилтан, 1996-2006 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн захирал, 2015-2018 онд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, 2019 оноос Энх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Баасанжавын Ганболд:

1955 онд Увс аймгийн Улаан гом суманд төрсөн. 1973 онд дунд сургуулиа дүүргэж, 1979 онд Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. 1989 онд Москва нийгмийн ухааны академид түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1979-1992 онд “Үнэн” сонинд сэтгүүлч, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд “Ардын эрх” сонинд орлогч эрхлэгч, 1999-2000 онд “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, 2000-2006 онд Радио, телевизийн ХЭГ-ын дарга, 2007-2013 онд “Үндэсний шуудан” сонины эрхлэгч, 2014-2020 онд “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ