
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өглөө нэгэн пост өөрийн твиттер, фэйсбүүк хуудсандаа оруулжээ. Тэр нь түүнийг заналхийлсэн Асашёорюу хэмээх Д.Дагвадоржийн твитүүд аж. Ч.Хүрэлбаатар УИХ-ын пүрэв гаригийн чуулганы индрээс ХААН банкны 60 хувийг хэн авсан гэдгийг асуун дараах үгийг хэлсэн.
Ч.Хүрэлбаатар “Хаан банкны 60 хувийг хэн авч байгааг Монголчууд сайн мэдэх ёстой, бас хэн авч байгаад санаа тавих ч ёстой. 60%-ийг хэн авав? Ямар мөнгөөр авав? гэдгийг эцэслэн тогтоосны дараа л зарах зөвшөөрлийг Монголбанк олгох ёстой. Үүнийг хууль зөрчин “дутуу”хийвэл Монгол улс “саарал” эсвэл “хар” жагсаалтанд орох эрсдэлтэй. Бид дахиад энэ жагсаалтанд орж болохгүй. Огтхон ч болохгүй. Жилийн өмнө Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргахад хамтран ажиллаж байсан Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Шүүх, Прокурор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагууд энэ асуудалд маш хариуцлагатай хандаж, онцгой анхааран хяналт тавин хэн нэгний нөлөөнд орохгүйгээр ажиллах учиртай. Алдах эрх бидэнд байхгүй” хэмээсэн билээ.
Гэтэл түүний энэ үгийн хариуд Д.Дагвадорж зөвхөн түүнийг ч биш дөрвөд түмнийг ална тална гэж твиттерээр сүржигнэсэн байна.
Энэ тухай Ч.Хүрэлбаатар “Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж. Би ХААН банкны 60%-г хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Нөгөө “юун гуя” гэдэг шиг ХААН-ы луйварт оролцогсод эхнээсээ үсрээд гараад ирэв үү. Тун удахгүй ХААН банкны луйварт оролцсон бусад нь ч гараад ирнэ. Нүүрс, төмөр замын хулгайгаар хөлжигсөд, ард түмний өмч, хөрөнгийг шамшигдуулагчид, эрүүл мэндийн, тэтгэврийн сангуудын тонуулчид, гар хөл бологсдоор нь гүтгүүлж, доромжлуулна гэж байхгүй шүү. Бага сагаарай. Зүгээр суухгүй шүү” гэжээ.