Т.Доржханд: Даатгалын компани ажиллуулдаг эхнэртэй байгаа нь миний буруу биш

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхийг нь 64 хувийн саналаар дэмжсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Энэ хууль хэний эрх ашгийг хангах гээд байгаа юм, долоон хоногийн дотор хэлэлцүүлж байгаагийн цаана маш том лобби байна. Дэлхий дээр жолоочийн хариуцлагын даатгалыг төр нь албан журмаар хийдэг ямар улс байгаа юм бэ. Нэрлээд өгөөч” гэсэн юм.

Түүний хариуд хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нийт иргэдийн төлөө гишүүд ажиллаж байгаа. Т.Доржханд гишүүн та Монре даатгалын хувийг эзэмшиж байгаа. Монре даалтгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр та эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ хуулийн төсөлд та ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Та хэлэлцүүлэг болон санал хураалтад оролцож болохгүй. Хэрвээ ингэвэл Цэц дээр очих асуудал үүснэ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр “Намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл УИХ-д хүн үлдэхгүй. Тухайлбал, Н.Учрал гишүүн хувийн сургуультай. Боловсролын хуульд саналаа хэлээд л явдаг. Гэтэл та үг хэлж болохгүй гээд татах юм байна. УИХ-ын гишүүд бүгд л барилгын компанитай. Ипотекийн зээл гэх мэт асуудлуудыг яривал УИХ-д гишүүн үлдэхгүй юм байна.

Даатгалын салбар бол санхүүгийн зах зээлд дөнгөж 1.8 хувийг эзэлдэг жижигхэн зах зээлтэй. Жишээ нь машин угаалгын газар жилийн 500 тэрбум төгрөгийн зах зээлтэй, гэтэл даатгалын салбар 300 тэрбум төгрөг. Жолоочийн даатгалын хуулийн төслийг ярих гэхээр “Таны эхнэр даатгалын компанитай, та ашиг сонирхлын зөрчилтэй” гэж байгаа нь зохисгүй. Би эхнэртэй байх нь миний буруу ч биш байх аа. 26 жил үйл ажиллагаа явуулж, 100 гаруй хүнд ажлын байр олгоод явж байгаа ийм компани. Даатгалын компаниуд ч мөнгө багатай, өнөөдөр л харин нэгдэж ярьж байна. Хэрэв намайг парламентаас яв гэж байгаа бол би нэр хүндтэй явж чадна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn