
Афганистаны эрх баригч Талибаны засгийн газар тус улсад доллар болон бусад бэлэн валютыг ашиглахыг хориглосон тухай AlJazeera мэдээлэв.
Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мягмар гарагт “Лалын Эмирт улсын бүх иргэд, дэлгүүрийн худалдагч, худалдаачид, бизнесменүүд болон олон нийтэд Афганистанд (үндэсний мөнгөн тэмдэгт) гүйлгээ хийх, гадаад валют ашиглахгүй байхыг сануулж байна” гэж мэдэгдэв.
“Энэ тушаалыг зөрчсөн хэн бүхэн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж тэрээр цахимаар нийтэлсэн мэдэгдэлдээ анхааруулжээ.
АНУ “бэлэн мөнгө”-тэй онгоц шинэ засгийн газарт очно гэдгээс эмээж, нийслэл Кабул хот унахаас нэг өдрийн өмнө Афганистан руу бэлэн доллар хүргэхээ зогсоосон. Вашингтон мөн Афганистаны Төв банкны есөн тэрбум долларын нөөцийг царцаасан бөгөөд үүний дотор Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкинд хадгалуулсан 1,3 тэрбум ам.долларын алтан гулдмайнууд багтжээ.
Талибанчууд Кабул дахь үндэсний төв банкны хадгаламжид байсан улсын хөрөнгийн багахан хэсгийг буюу 360 сая орчим доллар бэлнээр, мөн 2 тонн орчим алт авч чадсан гэж Ройтерс мэдээлжээ.
Афганистаны эдийн засаг үндэсний ДНБ-ий 85 хувийг бүрдүүлдэг олон улсын тусламжаар амьдардаг байна. НҮБ-ын мэдээлснээр, тус улсад дөрвөн хүн тутмын нэг нь өлсгөлөнтэй тулгараад байна.
8-р сарын дундуур Афганистаны засгийн эрхийг авсан Талибууд уг зарлигийг зөрчсөн хүмүүсийг шийтгэнэ гэж амлажээ.
Баримт бичигт “Валютын хэрэглээ нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж, манай бүх элэг нэгтнүүдэд хохирол учруулж байна” гэж дурджээ.