А.Ариунзаяа: Тэтгэвэр тогтоолгодог долоон жилийг үе шаттай нэмэгдүүлж, 10 жил болгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийгмийн даатгалын багц хуулийн үндсэн санаа нь гурван давхаргат байна гэж заасан. Суурь тэтгэвэр, шимтгэл дээр суурилсан тэтгэвэр, хувийн тэтгэвэр гэсэн гурван тогтолцоотой байна.

Шимтгэлд суурилсан тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх нь тусдаа асуудал.

Эхний ээлжинд 1979 оноос хойш төрсөн иргэдийн төлж буй тэтгэврийн шимтгэлийн нэг хувийг тэтгэврийн нөөц санд хуримтлуулж, эргээд өвлөгддөг болгоё, хөрөнгө оруулах боломжийг нь нээж өгөе гэж байгаа.

2045 он гэхэд бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдлийн менежментийг сайжруулахаар ажиллаж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар арилжааны банкинд байршуулах, Засгийн газрын үнэт цаас бонд авах эрхтэй.

Шинэ хуулиар дээрхээс гадна хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулах боломжийг нь нээж өгч байгаа. Мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор чөлөөт үлдэгдлийн хөрөнгийг хариуцуулна гэж заасан байгаа.

Төлөхгүй явж байгаад таван жилээр өндөр төлөөд тэтгэврээ өндөр тогтоолгож байгаа нь шударга бус. Хэн илүү урт хугацаанд төлнө тэр хүн илүү үр шимийг нь хүртдэг тогтолцоо руу шилжинэ. 2016 онд төрөөс нийгмийн даатгалын талаар баримтлах урт хугацааны бодлого дээр 10 жил болгоно гээд оруулчихсан байгаа.

Одоо байгаа долоон жилийг үе шаттай нэмэгдүүлж 10 жил болгож, урт хугацаандаа тогтвортой төлсөн нь илүү үр шимийг нь хүртэх санааг тусгасан” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn