Л.Энх-Амгалан: Хоцрогдлыг танхимаар л нөхнө, ингэхдээ ахмад багш нараа урин ажиллуулна

Цар тахлын улмаас үүссэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэврийн багш нарыг дайчилна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

Улсын хэмжээнд 183 мянган хүүхэд гар утасгүй, телевизгүй байна. Эрчим хүчний сайдтай ярьж байгаад Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 10 мянга гаруй айл өрхийг цахилгаантай болгох ажил эхлээд, явж байгаа.

Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж худлаа. Үүссэн хоцрогдлыг танхимаар л нөхнө. Отор нүүдлээр явж байгаа хүүхдүүдэд хэдэн цаас өгөөд, хичээлээ нөх гээд бие биенээ хуурч болохгүй.

Хоцрогдлыг арилгах тал дээр тэтгэвэрт гарсан ахмад багш нараа урин ажиллуулах хүсэлтэй байгаа.

Хэддүгээр ангийн хүүхэд ямар хичээл дээр илүү хоцрогдолтой байна гэдгийг зөв оношлох хэрэгтэй. ЕБС-иудад түүврийн аргаар энэ оношийг хийж байна.

Цахимаар хичээллэх үед аав, ээжийг нь хамт байлгаж үр дүн гарна гэдэгтэй санал нэг байна. Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн шинэ хууль дээр зохицуулалтууд нь орчихсон байгаа. 0-12 насны хүүхэдтэй, хүүхэд нь цэцэрлэг, сургуульдаа явж чадахгүй нөхцөл үүссэн тохиолдолд эцэг, эхчүүд нь зайнаас ажиллах шаардлага үүсэж байна гэж харж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn