Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, 64.3 хувийн саналаар дэмжлээ. Хэлэлцүүлгийн үеэр хууль санаачлагчдын зүгээс “Ашгийн төлөө байгууллага жолоочийн хариуцлагын даатгалыг хариуцах нь буруу” гэсэн байр суурийг илэрхийлж байсан бол зарим гишүүдийн зүгээс төрийн оролцоог нэмэгдүүлэхээс болгоомжилж байна гэв.
Хуулийн төсөлд:
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хариуцуулан төрийн оролцоогүйгээр зохион байгуулах;
- Хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо төлөвшүүлэх;
- Зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийдвэрлэх;
- Жолооч нар осол гаргаад давхар торгуулдаг, жолоодох эрхийн оноогоо хасуулдаг байдлыг засах;
- Даатгалын санд төвлөрсөн орлогыг осол гаргасан жолооч нарыг соён гэгээрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулахад зарцуулах;
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан боловч түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргавал даатгалын гэрээнд нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгааг өөрчлөх;
- Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжийг нээж өгөх;
- Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чандлан мөрддөг, зам тээврийн осол гаргадаггүй жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах;
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл оруулах зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгажээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Жолооч нарын хохирлыг бодитоор үнэлдэг болно. Одоо бол тийм биш байгаа. Даатгалын зарим компанид 28 нөхцөл шаардлагыг хангах юм бол нөхөн төлбөрөө авч байна. Авахдаа хагас дутуу чирэгдэлтэй авч байгаа. Давхар цагдаа ирж торгодог. Энэ нөхцөл байдлыг арилгана. Зам тээврийн бодлогыг хэрэгжүүлэхэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хэрэгжиж байх ёстой.
Төр албадлагын аргаар жолооч иргэдээс мөнгө авч байгаа бол энэ нь тэдний эрх ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээнд чиглүүлэгдэх нь зөв. Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослыг бууруулах, жолооч иргэдийг соён гэгээрүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагаа хангалтгүй байгаа. Осол ихэвчлэн гардаг хар цэгүүд тодорхой.
Даатгалын компаниуд олон төрлийн даатгалын үйлчилгээ явуулж байгаа. Хэрвээ жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн бус этгээд хариуцвал даатгалын компаниуд дампуурах гээд байна гэдгийг сонсохоор эргэлзээ төрж байна. Даатгалын салбар эрүүл бус, бусад бүтээгдэхүүн нь хөгжих чадваргүй, төрийн оролцооноос хамааралтай болсон юм уу. Төр заавал ашгийг авч халаасанд нь хийж өгнө гэдэг нь төрийн дэмжлэг биш.
Төр аж ахуй, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ гэсэн. Төрийн бодлого гэдэг хүчээр хэн нэгний халааснаас мөнгө авч ашиг болгож өгөхийг хэлэхгүй.
Жолоочийн хариуцлагын даатгалын асуудал ашиг сонирхлын зөрчилтэйгөөр олон жил явсан. Цаана нь нэг сая гаруй жолооч даатгалын мөнгөө төлдөг. Ийм нөхцөл байдлыг засна. Даатгалын салбар бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж, иргэдийн итгэлийг олно. Түүнээс биш хэсэг улстөрчидтэй нийлээд иргэдийн мөнгийг албан журмаар хурааж ашиг олохыг зөв зарчмын үйл ажиллагаа гэж хэлэх боломжгүй.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан:
2021 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 28.8 тэрбум төгрөг жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн хэлбэрээр орж ирснээс нөхөн төлбөрт 11.7 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоолол байгаа. Мөн даатгалын зуучлагч, төлөөлөгчийн шимтгэлд 4.3 тэрбум, жолоочийн даатгалын санд 0.5 тэрбум, удирдлагын болон бусад зардалд 6.1 тэрбум төгрөг төвлөрч байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Нийтдээ 6.1 тэрбумын зардал нь компанийн үйл ажиллагаатай холбоотой гардаг зардал гэж байгаа нь ашиг гардаггүй гэдэг зүйлийг үгүйсгэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
Төр данхаах тал руугаа явлаа, энэ бол буруу. Яам, агентлагууд нэмэгдэж байгуулагдаж байна. Хувийн даатгалын компаниуд ашигтай ажиллаж байгаа учраас төр ажлыг нь авна гэдэг нь маш буруу. Албан журмын даатгалын компаниуд хувийн хэвшлээрээ явах ёстой гэж үзэж байна. Хуулиа сурталчлах, жолооч нарыг соён гэгээрүүлэх ажлаа муу хийж байж магадгүй. Есөн жилийн өмнөхтэй харьцуулбал даатгалын компаниуд сайжирч байна. Албан журмын даатгалын тухай хуульд дутуу зүйл байгаа байх. Дутуу байгаа учраас төр авч хийнэ гээд даахгүй нохой булуу хураана гэдэг шиг зүйл болох гээд байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
Төрийн оролцоог нэмэгдүүлэх дээр эргэлзэж байна. ЭМД, НДСангийн тогтолцоо руу орчихвий дээ гэж эмээж байна, банкинд байршуулаад хүү бодуулаад байж байдаг, нөхөн төлбөр буюу зардал гаргахыг хүсдэггүй.