Н.Уртнасан: Тэрбум мод тарих Монгол Улсын санаачилгыг дэлхий нийт талархан хүлээж авлаа

2021-11-03
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо чуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа билээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янек Глемариктэй хийсэн хоёр талын уулзалтад тус тус оролцоод байна .

Энэ талаар Н.Уртнасан сайд хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын 26 дугаар Их хурал Глазгоу хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнууд ч энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч оролцож байгаа. Дэлхий нийтийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол сүүлийн жилүүдэд онцгой анхааралд байна. СОХ-26 уулзалт нь 1996 оноос хойш 26 дахь удаагаа болж байгаа гэдгээрээ онцлог. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын хуралдаанд оролцохдоо 2030 он хүртэл тэрбум мод тарих, ингэснээрээ цөлжилтийг бууруулах, ногоон байгууламжийн талбайгаа нэмэх, одоо байгаа 7.9 хувийг 9 хувьд хүргэх том зорилго тавьсан.

Модыг зөв тарьж, ургуулж чадвал хүлэмжийн хийн шингээлтийг бууруулах үр дагавартай учраас бодит санаачилгыг гаргасан Монгол Улсын туршлагыг сайшааж байна. 2030 он хүртэл Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулна гэсэн зорилт тавилаа. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудад хэрэгжүүлж буй туршлагаас суралцах, мөн байгаль орчны чиглэлээр ямар түншлэл илүү үр дүнтэй байх вэ гэдэгт гол бодлогоо тодорхойлж ажиллана” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ