Товчоон дээр ажиллаж буй эмч:НЭМГ-руу “энэ хүнийг яах вэ” гэж 100 удаа залгахад хариу өгөөгүй

2020-12-08

Архангай аймгаас Улаанбаатар луу орохоор ирсэн боловч ПСР шинжилгээ хийлгээгүй гэх шалтгаанаар хүлээлгийн байдалтай байсан 58 настай эмэгтэй харамсалтайгаар машиндаа нас барсан.

22-ын товчоон дээр ажиллаж буй эмч тухайн иргэний биеийн байдал болон болсон явдлын талаар “НЭМГ гол шийдвэрүүдийг гаргаж, бидэнд чиглэл өгч байгаа. Тэндээс чиглэл ирээгүй бол бид яаж ч чадахгүй” хэмээх тайлбарыг хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр өгчээ.

Түүний яриаг хүргэж байна:

Тухайн иргэн Архангай аймгаас ирэхдээ ямар нэгэн бичиггүй, өөрсдийн унаагаар ирсэн.

Голомттой газраас ирж байгаа бол заавал ПСР шинжилгээ өг, эрүүл мэндийн шалтгаанаар ирж байгаа бол хүлээн авах эмнэлэг нь зөвшөөрсөн байх бичигтэй байх ёстой гэсэн НЭМГ-ын чиглэлийн дагуу энэ хүнийг хүлээлгэхээс өөр аргагүйд хүрсэн.

ПСР шинжилгээ авах баг явуулаар явж, нэг газар өдөртөө нэг ирж байгаа. Энэ хүн нойр булчирхай өвддөг гэсэн зовиуртай байсан. Үзлэг хийхэд бие янгинах зовиур нь хоёр хоногийн өмнөөс илэрсэн, өвчин намдаах эм уухаар намддаг гэж байсан. Өөрөө чөлөөтэй босч яваад, ярьсан байдалтай, даралт нь харьцангуй тогтвортой байсан.

Үзлэг хийсэн байдлаа НЭМГ-руу залгаж мэдээлсэн. Энэ хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай гэсэн хүсэлт гаргасан.

НЭМГ-аас голомтын бүс нутгаас ирж байгаа учраас ПСР зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Мөн 13А маягт, бичиг, Улаанбаатарт хүлээж авахыг зөвшөөрсөн эмнэлгийн бичигтэй байх ёстойгоос энэ хүнд аль нь ч байгаагүй.

Биеийн байдал шөнийн үзлэгээр харьцангуй тогтвортой байсан. Өглөө бие нь муудаж, шингэн сэлбэх, зүрх дэмжих зэрэг тусламжуудыг үзүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй.

НЭМГ-руу 10:00 цаг орчимд 10 удаа, 11:00 цагийн орчимд 20 удаа, дахиад 14:00 цагийн орчимд 60 гаруй удаа залгасан боловч хариу өгөөгүй.

Энд байгаа асуудлыг танилцуулж, тусламж үзүүлэх гэж л байнга дуудлага хийж байсан. Гол шийдвэр гаргаж байгаа, чиглэл өгч байгаа нь НЭМГ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ