
Ирэх 2022 оны төсөвт Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, шинээр хоёр яам байгуулахаар тусгасан. Шинээр хоёр яам байгуулахтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Өнөөдөр гадаад худалдааг хариуцдаг төрийн захиргааны байгууллага алга. Боомтууд, чөлөөт бүсийн асуудал Шадар сайд дээр. Сангийн яам нь сангийн бодлогоо л хариуцана. Тийм учраас хөгжил төлөвлөдөг, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай уулздаг, хувийн хэвшлийнхэнтэй ажилладаг бүтэц байхгүй. Эдийн засаг, хөгжлийн яам хоёр дахь сангийн яам байж болохгүй. Эдийн засгаа өсгөе гэж байгаа бол энэ яам зайлшгүй шаардлагатай.
Төрийн хэвшлийн үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд тодорхой дэвшилд хүрсэн гэж бодож байна. Тийм учраас Цахим хөгжил, харилцаа холбооны яам зайлшгүй шаардлагатай. Тус яамыг байгуулснаар орон тоо нэмэх биш эсрэгээрээ орон тоог хязгаарлах бодлого. Цахим яам байгуулснаар ирээдүйд замын цагдаа гэрлэн дохиог зохицуулахгүй түвшинд очих ёстой. Цахим гарын үсэгтэй болоод цаасны зардлыг хэмнэх, гар утсаараа дамжуулан компани байгуулах түвшин рүү очих ёстой. Тийм учраас цаг алдалгүй энэ жилийн төсөвт оруулж ирсэн” гэлээ.