Маск:НҮБ $6 тэрбумаар дэлхийн өлсгөлөнг шийдэж чадахаа тайлбарлавал би Теслагийн хувьцаанаас зарж, хандивлахад бэлэн байна

2021-11-01

Space X компанийг үүсгэн байгуулагч, Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск компанийнхаа хувьцааг зарж, хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аврахад бэлэн гэдгээ мэдэгдлээ, гэхдээ олон нийтэд зарцуулсан бүх мөнгийг тайлагнасан тохиолдолд л. Энэ тухай тэрбээр өөрийн твиттер хуудсанд бичжээ.

Хэлэлцүүлгийн шалтгаан нь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) гүйцэтгэх захирал Дэвид Бислигийн уриалгаас эхтэй байв. Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа хэт баян хэдхэн хүн өөрийн хөрөнгийн зарим хэсгийг хандивлах замаар дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадна гэж мэдэгджээ.

Ингэхдээ тэр Америкийн тэрбумтнууд болох Tesla, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск, Amazon-ий үүсгэн байгуулагч Жэф Безос нарын нэрийг дурдаж, хандив өгөхийг уриалсан.

Дэлхийн хүнсний хөтөлбөр 42 сая хүнийг өлсгөлөнгөөс аврахад зургаан тэрбум доллар шаардлагатай гэж үзэж байна. “Энэ нь хэцүү биш” гэж тэр хэлжээ. Bloomberg-ийн мэдээлснээр Маскийн хөрөнгийг 289 тэрбум ам.доллараар үнэлж байгаа бөгөөд энэ нь бизнесмэний хөрөнгийн хоёр хувийг зарахад л хангалттай гэсэн үг аж.

Хариуд нь Илон Маск твиттер хуудсандаа “Хэрвээ НҮБ $6 тэрбумаар яг яаж дэлхий нийтийн өлсгөлөнг шийдэж чадахаа харуулбал би Теслагийн хувьцаанаасаа зарж, хандивлахад бэлэн байна. Гэхдээ энэ мөнгө нээлттэй дансанд байршиж, зарцуулалтыг нь олон нийт хянаж байх ёстой” гэжээ.

2021 онд Маск дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн. Хоёрдугаарт Безос, гуравдугаарт Louis Vuitton Moet Hennessy группын тэргүүн Бернард Арно нар оржээ. Маск өмнө нь Ангараг гариг ​​дээр анхны хот байгуулж, дэлхийн хүн амын тодорхой хэсгийг тэнд хүргэхийн тулд өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг зарцуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм.

Холбоотой мэдээ