Б.Баатархүү: Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа өөрөө ярьсаар байгаад хүүхдээ сонсдоггүй

2021-10-29

Өсвөр насны буюу 15 настай охин галт тэргэнд дайруулж, нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан.  Урьдчилсан байдлаар талийгаач охин ээжтэйгээ маргалдаж, гэрээсээ гарсан байж болзошгүй гэх мэдээлэл тараад буй.

Уг хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байна.

ЦЕГ-ын сэтгэлзүйч “Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөл тогтворгүй болж, хэт их шийдэмгий эсвэл шийдэмгий бус болдог. Мөн өөрийн үнэлэмжид нөлөөлдөг.

Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа өөрийн үзэл бодлоо тулгахгүй байх, үгийн сонголтондоо анхаарах хэрэгтэй. Хэт хатуу, ширүүн үг хэлэхгүй байх хэрэгтэй.

Бидний ээж, аавын үед хатуу ширүүн харилцаа байдаг байсан бол одоо цагт өөр болсон шүү. Нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж хүний сэтгэл зүй ч эмзэг, мэдрэмтгий болсон.

Өсвөр насныхан ч тэр насанд хүрсэн хүмүүс ч тэр хүнд, хэцүү зүйл тулгарахад сэтгэлийн дархлаатай болох хэрэгтэй.

Нас насанд авагдах ёстой  сэтгэл зүйн хэрэгцээ байдаг. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа өөрийн үзэл бодлоо хэт тулгадаг. Хүүхэд бие хүн болж, өөрийн үзэл бодол төлөвшиж байх үед эцэг, эхчүүд хэт санаагаа тулгаад эхлэхээр зөрчилдөж эхэлдэг.

[bctt tweet=”Өсвөр насны хүүхдүүдийн хувьд хэт өөрийнхөөрөө байх “би” гэх ойлголт давамгайлж байдаг.” username=””]Үзэл бодлын зөрчилдөөн бий болсноор хямарч, сэтгэл гутралд орж, буруу алхам хийх тохиолдлууд байна” хэмээн ярилаа.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт нь сэтгэл хямрал нь удаан хугацаанд явагдсан, өөрөө ч анзаарахгүй явж байхад гэнэтийн цочмог үйл явдал болдог гэж сэтгэл зүйчид үздэг.

Тэгэхээр тухайн үйл явдлын улмаас шууд амиа хорлосон гэж хэлж болохгүй.

Үүнийг удаа дараагийн мөрдөн шалгалтаар тогтооно.

Ойр дотныхон нь хэвийн бус байгааг анзаарсан боловч анхаарал хандуулаагүй байдаг. Аав, ээж, өвөө, эмээ, асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ сэтгэл зүй, зан авирт нь гарч буй цочмог өөрчлөлтүүдийг анхаарч байх хэрэгтэй байна. Шаардлагатай бол сэтгэл зүйчид үзүүлэх хэрэгтэй.

Эцэг, эхчүүд хүүхэддээ зөвлөгөө өгөхдөө өөрөө ярьсаар байгаад хүүхдийнхээ сэтгэлийг сонсдоггүй.

Улмаар мансуурах, гэрээсээ дайжих, цаашлаад амиа хорлох эрсдэл дагуулж байна.

Холбоотой мэдээ