
“No naadam” хөдөлгөөнийг санаачлагч, иргэн Д.Монголхүүг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангиас оргуулж, авч гарсан болон цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр иргэн Э.Одбаярыг нэг сар цагдан хорьсон.
Улмаар Э.Одбаяр нь хоригдсон өдрөөсөө өлсгөлөн зарлаж, нийт 18 хоног нойтон өлсгөлөн зарлаад байгаа юм.
Энэ хугацаанд Э.Одбаяр 10 орчим кг хасаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгааг түүний өмгөөлөгч мэдэгдсэн.
Тэгвэл Э.Одбаярыг суллах эсэх асуудлыг өмгөөлөгчдийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд суллахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, Э.Одбаярыг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусталх хугацаанд өөрийн амьдарч буй гэр орон болон эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тухайн байгууллагад очих, шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглож хязгаарлалт тогтоосон шийдвэрийг гаргажээ.