
Улаанбаатар хотын түүхийн дурсгалт байшин барилгуудын нэг болох “Гоожингийн өндөр”-ийг Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан 1914 онд барьсан түүхтэй. Өдгөө зуу гаруй жилийн үүх түүхийг өгүүлэх “Гоожингийн өндөр” одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн хойд талд байдаг. Тэгвэл тус барилгыг сэргээн засварлах төсвийг ирэх оны төсөвт суулгаж, тохиромжтой байршилд нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.
Тэрбээр “Түүхийн дурсгал болсон газраа хамгаалж үлдэнэ. Ирэх жилийн төсөвт төсвийг нь суулгаж, шийдвэрлэнэ. Засварлалалаа гэхэд одоо иргэд очоод үзэхэд тохиромжгүй байрлалд байгаа гэж үзээд олон хүн очоод үзэх боломжтой газар луу зөөвөрлөхөөр судалсан.
Монголд зөөвөрлөх чадвартай мэргэжлийн газар байхгүй байна. Барилга өмнө нь гал түймэрт өртсөн, хийц нилээн өөрчлөгдсөн байна. Оросууд зөөж тавьж болно гэж байгаа.
Иргэний хувьд соёлын өв учраас үнэтэй үнэлэхгүй гэж хэлсэн” гэлээ.