С.Бямбацогт: Төрийн албаныхны цалинг жигдлэх тал дээр анхаарах ёстой

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад урамшуулал олгодог болох хуулийн төслийг дэмжлээ.

Хуулийн төсөлд нийслэл болон аймгийн төвөөс бусад газарт тав болон түүнээс дээш ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад таван жил тутамд урамшуулал олгохоор тусгажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдад олгох урамшуулалд зориулж цаашид жил бүр 1-2 тэрбум төгрөг төсөвлөж байх тооцоолол гарсан байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Төрийн албаны цалин ялгамжгүй байх тал дээр төрөөс анхаарахгүй бол салбар бүрийн хуулиар цалингаа нэмэгдүүлэх талаар орж ирдэг. Нэгдсэн бодлого байдаггүй учраас эцэс төгсгөлгүй зүйл болох гээд байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Төрийн алба улс төр, төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай алба гэж цалин, нэмэгдэл нь ялгаатай, салбарууд нь цалингаараа өрсөлдөх гэдэг. Төсөв хэлэлцэж байх үед байгууллага, салбарууд цалингаа нэмэгдүүлэх гэдэг. Эмч, багш, цагдаа, цэргийн алба хаагч, онцгой байдал, улс төрийн, үйлчилгээний ажилтнууд бүгд л чухал. Цалингийн их захгүй өрсөлдөөн явж байгаа.

Үүнийг жигдлэх шаардлагатай. Цалинг жигдлэх тал дээр анхаарах ёстой.

Аймгийн Засаг Даргын Тамгын газарт ажиллаж байгаа Иргэдийн хурлын ажилтан, Засаг даргын Тамгын газрын хоёр ажилтан яг ижил сургууль төгсөөд, ижил ажил үүрэг гүйцэтгэж байгаа боловч нэг нь 600, нөгөө нь 900 мянган төгрөгийн цалин авдаг. Төрийн албаныхны цалин, нэмэгдлийн төлөөх уралдааныг цэгцэлж, зогсоох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

Засгийн газрын бүтцэд байдаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа харьцангуй адилгүй байгааг жигдлэх саналыг оруулж ирж байна. Хэн цалин илүү аваад байна, дутуу аваад байна гэдгээ харж байгаад жигдлэх ёстой. Тэгэхгүй бол салбарууд хоорондоо мөргөлдөж эхэлнэ.

Өөр өөр стандартаар хандаад байгаад иргэд бухимдаж байна. Асуудал байгаа боловч шийдэж байгаа арга зам нь буруу байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn