Л.Халтар:ОХУ-ын талтай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар монгол хүн томилохоор тохиролцсон

2021-10-26

Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа өнгөрсөн долдугаар сард өвчний улмаас таалал төгссөн. Ингээд УБТЗ-ын даргын суудал одоогоор эзэнгүй байгаа.

Монголын талаас УБТЗ-ын даргын албан тушаалд Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлсэн ч Оросын тал татгалзсан. Энэхүү суудалд Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг  томилох тухай яригдаж эхлээд буй.

Гэвч шаардлага хангаагүй тул Оросын талаас хүн томилох тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.  Энэ асуудал аравдугаар сарын 12-13-нд болсон Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар эцэслэгдэх байх гэсэн ч яригдаагүй.

Энэхүү асуудлын талаар  Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлыг дахин зохион байгуулахаар болсон байна. Салбарын сайд Л.Халтар “Бүлгийн хурлаар өчигдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагын асуудлыг яриагүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, ОХУ-ын талтай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар монгол хүн томилохоор тохиролцсон. Нэр дэвшигчдийн тухайд асуудал байгаа ч манайхан нэрс нь тодров уу үгүй юу муу талуудыг нь цоллож, гөвдөг. Энэ нь айлын талд сөрөг мэдээлэл болж очдог учраас нэр дэвшигчдийн хувьд гацаа үүссэн. Энэ асуудлаар ойрын хугацаанд Ерөнхий хорооны хурлыг дахин зохион байгуулах тухай хоёр улсын хооронд ярилцсан” гэв.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал энэ сарын 12-13-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотноо болсон. Хуралд Монголын талаас Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий хорооны гишүүн ЗГХЭГ-ийн ахлах референт Н.Буяндэлгэр нар биечлэн оролцсон бол Ерөнхий хорооны гишүүн ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга Б.Артур цахимаар оролцсон билээ.

Холбоотой мэдээ