
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас орон сууц түрээслүүлнэ гэх нэрийдлээр бусдыг залилан мэхэлсэн /50 гаруй удаагийн үйлдэлтэй/ онц хэрцгий аргаар бусдыг дээрэмдсэн гэх мэт цаг үеийн шинжтэй хэргийн мэдээ мэдээлэл өгч байна.
БЗД-ийн 26 дугаар хороо болон River Garden зэрэг хотхоны олон тооны айлуудын хаалгыг өрөмдөж онгойлгон, ухах болсон талаар ЦЕГ-аас мэдээллээ. Тус гэмт хэрэг нь БЗД, ХУД, ЧД-т тус тус бүртгэгдээд байна. Нийт найман айлын хаалганы цоожны гол төмрийг доогуур нь өрөмдөж цоолсон байжээ.
Хулгайд өртсөн бүх хотхонууд харуул хамгаалалттай, камержуулалттай боловч их хэмжээний хохирол бүхий хулгайн хэрэг гарч байгааг анхааруулж байна.
Мөн Монгол Улсын иргэн С АНУ-д амьдардаг гаднын иргэнтэй танилцаж, урт хугацааны туршид онлайнаар харилцаж, улмаар 8-9 мянган ам.доллараа залилуулсан хэрэг шалгагдаж байна.
БНСУ-д амьдардаг иргэн Д монгол руу мөнгө шилжүүлнэ гэсэн сайт руу орж олон жил хөдөлмөрлөж олсон найман сая вонноо алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал:
Гэмт хэрэг үйлдэхээр завдаж буй болон үйлдсэн тухай мэдээллийг хоёр сая төгрөг хүртэлх, 12 жилээс дээш хорих ял оногдуулах хүнд гэмт хэргийг мэдээлбэл таван сая төгрөг, үндсэн дамнасан зохион байгуулалттай хүн худалдаалах, мансууруулах бодис худалдаалах, эрэн сурвалжлагдаж байгаа түүх, соёлын дурсгалт эд зүйлийн тухай мэдээллийг хоёр сая төгрөгөөр үнэлж авч байна. Биеэ сэжигтэй авч яваа, камерийг эвдэж байгаа, овор ихтэй зүйл ачиж яваа зэрэг иргэдийг мэдэгдэж, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг хүсэж байна.