Шинэ дэвшлийн цуцашгүй дууч

2020-12-02

 Хуучин пянз эргэлдэнэ. “Монгол ардын дуу… Дашдэлэг хөгжимдөнө” гэх дуу хоолой хүн бүхний уярал догдлол, мөрөөсөл тэмүүлэлтэй ханьсан нөхөрлөж ирсэн түүх тун саяхных. Радио нэвтрүүлгийн цэнхэр долгионоор ааш ялдам шанз, гэгэлгэн ёочингийн уран аялгуугаараа ой тойнд төдийгүй зүрх сэтгэлд шингэж үлдсэн тэр л эрхэмсэг эмэгтэйг бид алдарт хөгжимчин, Монголын хөгжмийн урлагийн бүхий л томчуудын багш гэдгээс нь өөрийг тэр бүр мэдэхгүй үлджээ.

Билэг танхай яруу найрагч Р.Чойном “Миний Монгол” найраглалдаа,

…Дуулим талаас тодорсон жирийн ард Лувсангийн

Дуулуулж уйлуулж явсан морин хуурын эгшиг

Дугаржавын хоолойтой, Цэрэндоржийн лимбэний

Дур булаам зохицсон “До мажорын” хоршил

Амгалангийн жаахан бүсгүй Дашдэлэгийн ёочингоос

Арван зургаатын хэмээр давхцаж гарсан аяс

Анх удаагаа Монголд гэгэлгэн твист сэдэж

“Амраг Гоолингоо”-гоо дуулсан Ичинхорлоогийн үес…

хэмээн зүгээр ч нэг цэцэлж үлдээгээгүй юм. Ардын хувьсгалаас өмнө Нийслэл Хүрээний хятад хороолол гэгдэх Наймаа хотод Монголын язгуур урлагийн нэгэн шинэ хэв маяг болсон хүрээ соёлын өлгий болж байлаа. Энд хятад маягийн ший жүжгийн үзвэрүүд, уушийн газрын урлагийн зүйлс, хүрээ дуу зэрэг өнөөгийнхний томъёоллоор урбан буюу хотын маягийн урлаг цэцэглэн хөгжиж байв. Тухайн үеийн Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын унаган охин Дашдэлэг 1902 онд найман настайдаа ээж Баярынхаа хамт Нийслэл Хүрээнд ирж байжээ. Охиныхоо авъяас билгийг багаас нь таньсан ээж нь түүнд Наймаа хотоос бага гарын шанз хөгжим авч өгсөн тухай тэрбээр өөрийн дурсамждаа сэтгэл догдлон өгүүлсэн байдаг.

Сэргэлэн цовоо, хөгжилтэй, авъяастай бяцхан охин шанз хөгжмөө ээжийнхээ зааснаар төвөггүйхэн дарж сураад, нутаг усандаа түгсэн сайхан дуунуудыг хөгжимдөн дуулдаг болсон төдийгүй айл саахалтын найр хуримд уригдан тоглож, нар хамба, нанжин чавгаар шагнуулан улам урамшин хөөрнө. Явсаар нутгийн баян айл, хятад пүүсний данжаадын газарт хүртэл залагдан хөгжимдөж, тав гурван янчаан мөнгө ч олдог болсон байна. Ээж нь охиныхоо дуулж, хөгжимдөж олсон янчаан төгрөгийг цуглуулж байгаад хятадын пүүснээс өөрт нь тохирсон ёочин, хуучир хөгжмүүд авч өгчээ.

1920 оны намраас Барон Унгернийн орос, монгол цэрэгт цохигдсон Хятадын гамин цэргүүд арагш шахагдан хөөгдөж Хиагтад үүрлэн хүчээ төвлөрүүлж байлаа. Ялагдал хүлээж ухрах замдаа гамингууд монгол айлуудыг тонон дээрэмдэж, хөрөнгө малаа хамгаалсан ардуудыг хайр найргүй алж хядаж байлаа. Дээрмийн хөлөөс олон монгол айл буруулан зугтаж, зарим нь Нийслэл Хүрээнд нүүдэллэн ирсний дотор Очирийнх байлаа. Очир, Баяр хоёр ханилан сууснаас хойш есөнтөө хүүхэд олж, төрүүлсэн боловч нэг нь ч тогтсонгүй. Үр хүүхдийн мөрөөсөл болж байтал тэр нутагт явуулын нэгэн хос аяны замдаа амаржаад, тарчиг буурайн эрхээр дөнгөж төрсөн нялзрай охиноо айлд өргүүлэх гэж байна гэж дуулаад хэн хүнээс өрсөн очиж өлгийдөн авсан нь Дашдэлэг охин байжээ. Энэ бол 1894 оны хэрэг явдал бөгөөд харин гамингийн хөлөөс дүрвэн Нийслэл Хүрээнд нүүн ирсэн 1921 онд Дашдэлэг даруй 27 нас хүрсэн байлаа.

Шинэ цагийн урлаг, уран сайхан, ялангуяа театрын урлагийн үүсэлд Ардын хувьсгалын удирдагч, жанжин Д.Сүхбаатарын оролцоо, санаачилга чухал үүрэг гүйцэтгэснийг архивын баримт материал, ахмад зүтгэлтнүүдийн дурсамж, дурдатгалаас тов тодорхой үзэж болно. Тэр дундаа Нийслэл Хүрээний Наймаа хот буюу Амгаланбаатар хотод анхны бүлгэмүүд үүсэн, улмаар ардын цэнгэлдэх хүрээлэн, улсын театр байгуулагдсан байдгийг Монголын театрын түүхийг судалсан хэн бүхэн баримтаар нотлон өгүүлдэг юм. 1921 оны аравдугаар сард жанжин Д.Сүхбаатар Ардын журамт цэргийн аль боловсролтой, нөлөө бүхий улсуудыг цуглуулж, ард түмэнд үзүүлэх, уншуулах шинэ утга зохиол, уран сайхны бүтээл гаргах талаар зөвлөн ярилцжээ. Чингээд цэргийн даргын сургуулийн дэргэд анхны уран сайханчдын бүлгэм байгуулагдсан байна. Тус бүлгэм маш эрчимтэй ажиллаж мөн ондоо багтаан Гэсэрийн туужийн Андулам хааныг дарсан хэсгээр Н.Насанбат, Ц.Гомбожав нарын зохиол, Ч.Раднаабазарын найруулгаар тоглож, цэргийн болон энгийн газарт хэдэнтээ тоглосон хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.

Цэргийн уран сайханчдын бүлгэмийн үйл ажиллагаа урлаг, соёлоор ухуулан гэгээрүүлэх ажлыг өргөжүүлэн дэлгэрүүлэхийн чухлыг шинэ тутам Ардын засгийн удирдлагуудад харуулснаар жанжин Д.Сүхбаатар өөрийн биеэр “зүтгүүлж”, 1922 оны хоёрдугаар сард Бошгыг халах залуучуудын эвлэлийн түр цагийн Төв хороог хуралдуулан соёлын хэргийг залуучууд өөрсдөө үүсгэн хөгжүүлнэ гэсэн шийдвэрийг гаргуулж, хариуцан хянагчаар С.Буяннэмэх томилогдож байжээ.

Архивын баримтад дурдсанаар энэ үед Бошгыг халах залуучуудын эвлэл зөвхөн Нийслэл Хүрээнд таван үүртэй болоод байжээ. Ийнхүү уран сайхны хэрэг тэр дорхноо идэвхжин өрнөж, залуучуудын эвлэлийн үүр бүрд уран сайхны бүлгэм байгуулагдан, хүрээ, хотын аймаг, хороо бүрээс ардын авъяастнууд цуглаж хувьсгалт үзэл санаа, шинэ цагийн соёл хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэсэн андагчид болцгоосны нэг нь идэр залуухан Дашдэлэг байлаа.

БНМАУ-ын Ардын их хурлын дэргэдэх хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооноос 1981 онд эмхэтгэн гаргасан “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн нарын дуртгал” номонд Дашдэлэг агсны бяцхан дурсамж орсон нь бий. Уг дурсамждаа тэрбээр,

“Нэг өдөр үеийн хүүхэн Ишдуламын хамт бид хоёр Амгаланбаатар хотоор явж байгаад тайрмал үстэй нэгэн эмэгтэйтэй уулзсан нь Сүхбаатарын гэргий Янжмаа байлаа. Янжмаа бид хоёрт хувьсгалын тухай, орон, монгол цэргийн тухай, дарлах, дарлагдах ёсон устаж, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болсон тухай, тэр ч байтугай эмэгтэй хүн засаг төрд алба ажил хийж болно гэх зэрэг зөндөө их юм ярьж өгөв. Бид хоёрыг хөгжим дардаг, дуулдаг гэдгийг сонсоод энд бид дуу хөгжмийн газар байгуулна. Та нар ирж хөгжимдөж дуулж, хувьсгалын үйл хэрэгт оролцож бай гэж бид хоёрт зөвлөхөд, бид хоёр дуртай зөвшөөрлөө. Тэгээд маргааш нь болзсон газраа Янжмаатай уулзвал тэр бид хоёрыг гэртээ аваачиж, жанжин Сүхбаатартай танилцуулав. Сүхбаатар бид хоёрт мөн л Янжмаагийн урьд өдөр бидэнд ярьсныг хэлж, бидний гэр орон, эцэг эх, амьдрал байдлын талаар асууж танилцаад, та нар өөрсдийн үеийн буюу ер нь хөгжимдөж, дуулж чаддаг хүмүүсийг олж цуглуулан, Ардын журамт цэргийн дуу “Шивээ Хиагт”, “Магнаг үсэгтэй туг” зэрэг дууг сурч, цаашдаа шашны худал хуурмаг номлол, лам, ноёдоос олныг дарлан мөлждөг байдлыг илчлэн шүүмжилсэн хошин шог дуу, ший зохиож ард түмнийг гэгээрүүлэхэд оролцох хэрэгтэй гэж бидэнд хэлэв” хэмээн нүднээ дурайн харагдтал сайхан бичсэн байдаг.

Ардын хувьсгалын их удирдагчаас ийнхүү даалгавар авсан бүсгүйчүүд хуучин танил Долгорын Лянхуатай нэгдэж, уран сайхны ажлыг зохион явуулж, улмаар дуу хөгжим сонирхдог олон хүн цуглуулан бүлгэм болгож өргөжүүлсэн байна. Дашдэлэгийн дээрх дурсамжид нэр дурдагдаж буй алдарт хөгжимчин Д.Ишдулам намтарт, 1922 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хэлтсийн санаачлагаар байгуулагдсан “үндэсний хөгжмийн сайн дурын уран сайханчдын бүлгэм”-д элсэн орж… гэснээс үзвэл бүсгүйчүүдийн байгуулсан дээрх бүлгэмийг ийн нэрийддэг байсан бололтой. Тэд хамтаар уран сайхны тоглолт хийж, хүрээ хороо, гудамж зээлээр явж дуулж, хөгжимдөхийн зэрэгцээ шинэ цагийн соёл, сурталд татагдан ирсэн залууст хөгжим, дуугаа зааж сургах, тэднийг урлагаар ухуулан сэнхрүүлж, хөгжүүлэн цэнгүүлэхийн зэрэгцээ Монголын соёл урлагийн бие бүрэлдэхүүнийг бэлтгэж байлаа.

Ардын хувьсгал, түүний үзэл санаа түгэн дэлгэрэх, батжин бэхжихэд Дашдэлэг нарын болон бусад урлаг, уран сайхны бүлгэмүүдэд ажиллаж байсан шинэ соёлын хүчнүүд үнэлж баршгүй гавъяа байгуулсан юм. Тэд зөвхөн Нийслэл Хүрээнд байгаад байсангүй, чухамхүү Д.Нацагдоржийн шүлэглэсэнчлэн “хөдөөгийн уул талаар соёлыг тарин…” явцгааж байлаа.

Улсын төв театрт сургагч багшаар ажиллаж байсан Г.А.Уварова жүжигчид, хөгжимчдийн хамт. 1940 он.Урд эгнээний голд суугаа Уваровагийн хажууд суугаа дугуй цагаан малгайтай хээнцэр эмэгтэй бол алдарт хөгжимчин О.Дашдэлэг юм

Энэ талаар 1987 онд хэвлэгдсэн “Хорь, гучаад оны соёлын ажилтнууд” эмхэтгэлд Дашдэлэгийн бичиж өгсөн нэгэн илтгэл бичиг оржээ. Уг илтгэлд, “…анхан суртал урлагийн бригадаар Дамдинбазар, Раднаабазар, Түмэнбаяр, Санжмятав, Алексеев нарын хамт Шаргын говиос эхлэн Арвайхээр, Цэцэрлэг, Ховд, Улиастай, Хөвсгөл, Алтанбулаг, Өндөр гэгээний хийд, Эрдэнэзуугаар таван сарын 2-ноос 10 сарын 15 хүртэл явсан ба ийнхүү явахдаа “Бээжин лам”-ыг хөгжимдөн дуулдаг байв. Бидний хамт Ишдулам, Ичинхорлоо нар явсан болой” хэмээн хөдөө орон нутагт явуулсан суртлын бригадын үйл ажиллагааг тод томруун өгүүлсэн байна. Тэд хөдөөгийн замд эхэндээ чийчаан тэргээр, дараа нь морин өртөөгөөр аялан явж, Ардын засгийн бодлого, үзэл санааг ухуулан сурталчилж тоглолт хийхийн хажуугаар малчид, ардад хөгжим дуу зааж сургах, яриа таниулга хийх зэргээр идэвхийлэн ажиллаад намар оройхон Улаанбаатарт эргэн ирэхэд Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн “Бөмбөгөр ногоон” театрын барилга баригдаж дууссан байсан гэснээс үзвэл энэ нь 1927 оны үйл явдал аж.

Дээрх бүхнийг нуршин өгүүлсний учир нь түүхийн сурвалж, дурдатгал намтарт гагцхүү Алдарт гавъяат хөгжимчин, хөгжмийн суутнуудын багш гэж өргөмжлөхөөс өөрөөр таньж нээгээгүй Очирын Дашдэлэг хэмээн тэр эрхэм хүмүүн басхүү Ардын хувьсгалт үзэл санааны ухуулан таниулагч, цогтой тэмцэгч явсныг илтгэх гэснийх юм. Тэрбээр үйл хэргийнхээ төлөө шаргуу зүтгэлтэй, санаачилга идэвхтэй ажиллаж байсан бөгөөд дуу хөгжим төдийгүй бичиг үсэг хүртэл зааж, өөрийн мэдэх, чадах бүхнийг хувьсгалт шинэ соёлыг дэлгэрүүлэх үйл хэрэгт бүрнээ зориулж байсан юм. 1930-аад оны дунд үед Улсын одон тэмдэгт драматик театрын захиргаанд ард Цэдэндамбын бичсэн талархлын бичигт, “…хотын дөрөвдүгээр хорооны клубт би сайн дурын уран сайхны бүлгэмийн удирдагчаар ажиллаж таван жил болсон. Энэ таван жилийн дотор нөхөр Дашдэлэгийн удирдлагаар ажиллав… Дашдэлэг хөгжимд 27 хүнийг сургасан, 18 хүнийг жүжигчин болгосон ба бичигт 41 хүнийг сургаж байсан билээ. Тэгээд манай хорооны клубт зандан ширээ бүхий гоёмсог ёочин нэг, шинэ шанз нэг, эхнэр хүний эдлэх хятад торгон шинэ дээл нэг, мөн давхар эмжээр бүхий хантааз… тусалсан” гэснээс үзвэл тэрбээр үнэхээр чадах, мэдэх хийгээд хүрч хүчрэх бүхнээ үйл хэрэгтээ зориулсан шинэ дэвшлийн цуцашгүй дууч явжээ.

Төрийн хошой шагналт Д.Намдаг хожим “Шинэ Монголын шинэ театр” хэмээх дурдатгалын номондоо Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн анхны бүрэлдэхүүний тухай, “…жүжгийн талд Дамдинбазар, Түмэнбаяр, дэлдэн боохой хочтой Лувсанчүлтэм тэргүүтэй арван хүн. Эдэн дундаас эдүгээ хүртэл театрын тайзан дээр жүжиглэсээр ирсэн нь Улсын гавъяат жүжигчин Шаравдоо, хөгжим ангид Ишдулам авгай, Түвдэн хуурч, Дашдэлэг авгай тэргүүтэй мөн арван хүн. Эднээс тасралтгүй хөгжимдсөөр өдийд хүрсэн нь Ардын жүжигчин Дашдэлэг авгай” хэмээн онцгойлон нэрлэсэн байдаг. Энэхүү Монголын театр, урлагийн анхны зүтгэлтнүүд бүгдээрээ дараа дараагийн үеийн бүх уран бүтээлчдийн багш нар болцгоосон билээ.

Д.Энхболдбаатар /”Зууны 100 эмэгтэй” номоос/

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ