“Камертон”-ы тоглолтоос болж, Засаг даргын орлогч Р.Чингис ажлаасаа чөлөөлөгдөж, бусад нь шигдээд үлдлээ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Р.Чингис нь энэ оны хоёрдугаар сард тус албан тушаалд томилогдсон юм.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсан Хилл” цогцолборт энэ сарын 15-нд “Камертон” хамтлагийн тоглолт болсон. Тоглолтын үеэр заалны дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай сануулгыг Ерөнхий сайд өгсөн.

Тэр үед л Р.Чингисийг чөлөөлж, цаад дарга нар нь үлдэх тухай яригдаж байв. Яг л энэ зураглал биелж, Р.Чингис ийнхүү ажлаас чөлөөлөгдлөө.

Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн билээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn