Б.Энхбаяр: Шударга биш сайд нараасаа болоод Засгийн газар бүтнээрээ огцрох вий дээ

2021-10-22

Г.Тэмүүлэн. Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний  санаачлан өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  дэмжлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Улс төрийн албан тушаалтнуудад тавигддаг ёс зүйн шаардлагыг өндөржүүлье гэх үүднээс энэ хууль орж ирж байна гэж харж байна.

Энэ хууль гарснаар хэн гэдэг сайд хуулийн  шаардлагыг хангахгүйгээр огцрох нөхцөл үүсэх вэ? Гаж зуршилтай, зан төлөвийн доголдолтой, тухайн салбартаа дөрвөөс доош жил ажилласан хэдэн сайд, дэд сайд байгаа вэ? Саяхан Хууль зүйн дэд сайд томилогдож байсан. Энэ хууль батлагдвал шинэ сайд шууд чөлөөлөгдөх юм байна.

Сайдууд шударга ёс, хүний эрхийг дээдэлдэг байх шаардлага тавина гэжээ.  Одоо байгаа сайд, дэд сайд нараас шударга биш хэдэн хүн байна вэ?

Шударга ёс гэж юу вэ?  Шударга ёс гэдэг нь нотлогдохгүй, үгүйсгэгдэхгүй үнэн. Шударга ёсны иррациональ онолыг үндэслэгч Фридрих Ницше гэж хүн “Шударга ёс гэдэг бол өөрийгөө бусдаас илүү, дээр гэж үзэн, бусдыг дарах, өөрийгөө товойлгох зэвсэг юм” гэж хэлсэн байдаг.

Энэ хуулийг баталчихсан чинь сайдууд нь дээрх шаардлагуудыг хангахгүй  Засгийн газар бүтнээрээ огцрох ёстой болчих вий дээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Энэ хуулийн зорилго нь улс төрийн албанд шинэчлэл хийх, шалгуурыг өндөржүүлэх юм. Албан тушаалтныг томилдог процесс эрүүл, тунгалаг болоосой гэж бодож байна.

Дэд сайд, сайдад тавигдаж буй тусгай шаардлагууд нь хэн нэгэнд зориулагдаагүй, Монголын төрд зориулагдсан.

Одоо томилогдож буй сайд нараас хэн нь мэргэжлийн, мэргэжлийн бусыг салбарынхан нь бүгд мэдэж байгаа. Хууль гарсан өдрөөсөө үйлчилж эхэлнэ. Үүнээс хойш эрүүл, зөв улс төрийн тогтолцоо бүрдэнэ гэж харж байна. Хууль эргэж үйлчлэхгүй.

Холбоотой мэдээ