Г.Тэмүүлэн: Архидан согтуурах донтой хүмүүсийг төрийн албанд дарга, сайдаар томилж болохгүй гэж заасан

2021-10-22

Г.Тэмүүлэн. Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.Уг хуулийн төсөлд улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагыг өндөрсгөх тухай асуудлыг тусгажээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Г.Тэмүүлэн нарын санаачилсан хуулиар улс төрийн албан тушаалтнуудад тодорхой шаардлага тавьж байгаа юм байна. Гэхдээ яаж хэмжих нь тодорхойгүй байна. Жишээ нь, аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй гэж юуг ойлгох вэ.

Гар хөлөө оролддог, нүүр амаа мааждаг онцлогтой хүмүүс байдаг. Тэр бүү хэл хамрын тамхи татах хүртэл гаж зуршилд орно.

Зан төлөвийн доголдолгүй гэдгийг юугаар хэмжих вэ. Хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автаггүй гэдгийг яаж мэдэх юм бэ.

Үүнээс бол дарга нар нь доод албан тушаалтнуудаа “Чи зан төлөвийн доголдолтой, хүний эрхийг дээдэлдэггүй” гэж ялгаварлан гадуурхвал яах вэ. Энэ шаардлага нийцээгүй гэж хэлээд албан тушаалаас нь чөлөөлөх нь.

Ийм ойлгомжгүй хууль гаргах юм бол төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж эхэлнэ шүү. Тиймээс хууль санаачлагчид ярьж ойлголцоод, нэгдээд оруулж ирж болдоггүй юм уу.

Хууль санаачлагч Г.Тэмүүлэн: Энэ хуулийн төсөлд дэх заалт нь зөвхөн улс төрийн албан хаагчдад хамаатай. Төрийн жинхэнэ албан хаагчдыг ямар нэг байдлаар хэлмэгдүүлэн заалт энд байхгүй.

Монголд нийт 206 мянган төрийн албан хаагч байна. Үүнд 3,600 гаруй нь улс төрийн албан хаагч. Тиймээс намчирхаж, талцдаг, төрийн жинхэнэ албан хаагчдын хэлмэгдүүлдэг, мэргэжлийн бус хүмүүст шаардлага тавих асуудал тусгагдсан.

Улс төрийн өндөр албан тушаалтнууд, сайд, дэд сайд, дэд дарга нар дээр төрийн албаны болоод тухайн салбарын туршлагын асуудлыг тавьж байгаа. Тухайн салбартаа ч ажиллаж үзээгүй мөртлөө даргаар нь очдог асуудлаас ангид байлгах асуудлыг тавьж байгаа.

Гаж зуршил нь одоо байгууллагын дотоод журам ,Засгийн газрын журмаар зохицуулагддаг.

Байгууллагын болоод Засгийн газрын журмын хүрээнд архидан согтуурах донтой, мансуурах эм бодис хэрэглэж байсан эсэхтэй холбоотой. Тухайн хүний түүх болон эмнэлгийн магадлагаар нь тогтооно.

Холбоотой мэдээ