С.Эрдэнэбат: 40 жил НДШ төлчихөөд тэтгэвэр авч чадалгүй нас барахад мөнгө нь улсад үлдэж байна

2021-10-20

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийн талаар ард иргэдийн дунд өргөн хүрээний санал асуулга явуулж байж батлах шаардлагатай гэв. Учир нь өргөн барьсан хуулийн төсөл нь бодит амьдрал дээр нийцээгүй, өгөх юмаа багасгасан авах юмаа ихэсгэсэн болж өөрчлөгдсөн байна гэлээ.

Тэрбээр “Тэтгэвэрт гараад ядуурлын түвшинд орж байна.

Төр НДШ-ээр авч байгаа мөнгөө буцаагаад тараагаад өгчихдөг, ямар ч хуримтлал байхгүй. Нэрийн дансанд мөнгөн дүн л байгаа, жинхэнэ мөнгө байхгүй.

Тэтгэвэр өвлөгддөг байх шинэчлэлийг хийхгүй бол иргэд НДШ, тэтгэврийн даатгал төлөхөө болино.

Нэрийн дансны мөнгийг ар гэрт нь 70-аас доошгүй хувийг өвлүүлэх ёстой. Насаараа төлсөн шимтгэлийнхээ үр дүнг хүртэж чадалгүй нас барж байна. Хоёр эрэгтэй тутмын нэг нь 59 насандаа нас барж байна. Одоо цаашдаа тэтгэвэрт гарах насыг бүр 65 болгож байна, нэг сар ч тэтгэвэр авалгүй нас барах нь.

Даатгал төлж байгаа хүмүүс харамсаж, дургүй төлдөг байж болохгүй.

Нийгмийн даатгалын өнөөдрийн өргөн барьсан хуулийн төсөл бол өгөх юмаа багасгасан авах юмаа ихэсгэсэн хууль болсон. Америк, Японд төгсөж ирсэн хүмүүсээр амьдралд нийцэхгүй хууль хийлгүүлж болохгүй.

Нас барахад нь нэг сая төгрөг өгдгөө ядаж таван сая төгрөг өгөх хэрэгтэй байна. Боломжгүй хүмүүс яг үнэндээ оршуулгийн зардлыг нь дийлэхгүй байна. Оршуулгын зардлын багцын хамгийн бага нь 1.5 сая төгрөг. Улсаас оршуулгын зардлыг нь даадаг болох хэрэгтэй.

Тэтгэвэр нь өвлөгддөггүй мөртлөө өр үлдэхээр нь тэрийг нь гэр бүлд нь үүрүүлдэг.

Ковидоор нас барсан нэг хүн хэлж байна. Миний аавын нэрийн дансанд 250 сая төгрөг байсан боловч тэтгэвэр авах эрх үүсээд удалгүй нас барсан гэж. НДШ төлдөг иргэн бүр тэтгэврийн реформыг дэмжих хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ