Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг үндэслэн урамшуулал олгож байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн тайлан сонслоо.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Бид бүхэн анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулиудын төгсөлтийн өмнөх төлөвлөгөөнд харилцаа хандлагын талаарх хичээлүүд багтсан байдаг. Эрүүл мэндийн салбарт эерэг хандлага эмчилгээний эхлэл гэх мэт аянуудыг зохион байгуулж, шалгарсан тасаг нэгжийг тухайн улирлын ур чадварын нэмэгдлээр шагнаж урамшуулсан.

Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо руу орж байгаа. Тухайн байгууллагын ажилтан ёс зүйн зөрчил гаргасан уу гэдгээс үндэслэн гүйцэтгэлээр урамшуулал олгож байна. Энэхүү тогтолцоо эрүүл мэндийн салбарын ажилчид цаашид харилцаа хандлагын алдаа, ёс зүйн зөрчил гаргахгүй байх тал дээрх ажил гэж ойлгож болно.

Үйлчлүүлэгч нар эмнэлэгт хэвтэхдээ эм, тариа худалдаж авсан тохиолдолд тухайн гарсан зардлыг буцааж олгох хууль эрх зүйн зохицуулалт байдаг. Энэ тал дээр анхаарч ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт үүрэг болгосон. Мөн иргэдээс энэ талаар мэдээлэл авч, бүх эрүүл мэндийн байгууллагуудад хяналтын баг ажиллаж, давхар хяналт тавьж байгаа” гэсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn