Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “ямар ч байсан иргэн бүр цэргийн алба хаадаг тогтолцоо руу шилжих ёстой” гэж хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлжээ.
Тэрбээр “Цэргээр дамжсан залуучууд тодорхой хэмжээний цэргийн олон энгийн мэргэжил эзэмшинэ. Дээрээс нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэж байна. Тэсвэр тэвчээртэй, хүний үг даадаг, эмх цэгцтэй, цаг, дүрэм журамд захирагдаж амьдарч сурдаг. Зөв хэвшилтэй болдог.
Оюутнууд нэгдүгээр курсдээ сураад, хоёрдугаар курсээсээ цэргийн алба хаагаад эргэж ирээд их сургуульдаа орж болно.
Ямар ч байсан иргэн бүр цэргийн алба хаадаг тогтолцоо руу орох ёстой.
Манайд эдийн засгийн боломжоосоо шалтгаалаад цэргийн алба хаах залуучууд хязгаарлагдмал байж ирсэн нь учир дутагдалтай байгаа юм. Маш нухацтай хандах ёстой асуудал. Дэлхийн улс орнуудад хамгийн бага хугацаа нь нэг жил байдаг. Ихэнх улсуудад нэг жилээс дээш. БНСУ-д гэхэд нарийн мэргэжлийн алба хаагчид нь 2 жил, доод тал нь 1.6 жил байдаг. ОХУ-д бас хоёр жил. БНХАУ-д мөн 1-3 жил” гэжээ.