А.Амбасэлмаа: Дотоод 18, зөөвөрлөгдөн орж ирсэн дөрвөн тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр нийт 11929 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа.

Улаанбаатар хотод 5 тохиолдол бүртгэгдсэн. Нэг тохиолдол бол нэг орцны хүний ойрын хавьтал бөгөөд тусгаарлагдсан байсан. Хоёр нь мөн ажиглан тусгаарлах байранд байсан. Хоёр нь өчигдөр бүртгэгдсэн нэг хүний ойрын хавьтал. Ингэснээр нийслэл хотод халдварын батлагдсан тохиолдлын тоо 70 болсон.

Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь мөн хавьтлын хүмүүс. Тус аймагт батлагдсан 167 тохиолдол боллоо.

Дархан-Уул аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 35 болсон. Дорноговьд нэг тохиолдол бүртгэгдсэн нь төмөр замын ойрын хавьтал байв. Орхон, Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй. Орхон аймагт 22, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол байна.

Дотоодод голомтлон гарсан халдвар 318 боллоо.

Мөн энэ сарын 27-нд зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол гарсан. ТИР машины жолоочид. Хоёр нь монгол, нэг нь ОХУ, нэг нь Беларусь улсын иргэн байна.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 760 байгаагаас 347 нь эдгэрсэн. Халдварын улмаас 406 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл, хөнгөн-324, хүндэвтэр 73, хүнд 8, маш хүнд 1 байна” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ