
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн үзэл баримтлалыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгаан дулааны үнийг нэмэх шаардлагатай талаар мэдээллээ.
Тэрбээр “Эрчим хүчний тухай хуулиар цахилгаан, дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос хамгийн сүүлд өгсөн мэдээллээр түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбоотойгоор цахилгаан дулааны үнийг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх тооцоо танилцуулсан.
Ер нь цахилгаан дулааны үнийг нэмэхгүй бол үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.
Чадлын дутагдалд орж эхэлсэн гэдгийг бид мэдэж байгаа. Чадлын дутагдлаас гарах, хөрөнгө оруулалтыг нэмэхийг гацааж байгаа зүйл бол төрөөс цахилгаан дулааны үнийг хатуу барьж байгаатай холбоотой. Тиймээс цахилгаан дулааны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа” гэв.