Нийслэлээс буцсан иргэд гэртээ 14 хоног тусгаарласны дараа дахин шинжилгээ өгнө

УОК-оос улсын нийслэл Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 1-12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлээд байна.

Нутаг буцах гэж буй 80 гаруй мянган иргэд шинжилгээнд хамрагдаж хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар руугаа хөдлөхийг журамд заажээ. Орон нутагтаа очсон иргэд өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлаад дахин шинжилгээ өгөх юм.

Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчирна. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгасан байна.

Зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна.
Тогтоосон цэгүүдэд л бие засах боломжтой, зам дагуу байрлах хоолны газрууд хаалттай учир хоол, хүнсээ бэлдэх шаардлагатай.

Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна.

Аймаг, сумдад хязгаарлалтын дэглэмд орсон иргэд орон нутагтаа шинжилгээ өгч аймаг, сум хооронд нэг удаа зорчих боломжтой юм.

Цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ