УОК, Засгийн газар хөл хориог сунгах эсэхийг ням гаригт хэлэлцэнэ

Монгол Улсад covid-19-ийн халдвар бүртгэгдэж, Гамшгийн тухай хуулиар бүх нийтийн бэлэн байдал тогтоож, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан.
Энэ хугацаа ирэх мягмар гаригт дуусгавар болж байгаа учраас арваннэгдүгээр 29-нд буюу Ням гаригт Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ гэж УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зүгээс хатуу хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах саналыг гаргаад байгаа ч эцсийн шийдвэрийг Улсын онцгой комисс, Засгийн газар гаргана.

Засгийн газар эрдэмтэн судлаачид, мөн эрсдэлийн үнэлгээн дээр үндэслэн гурван төлөвлөгөөнөөс алийг нь сонгох вэ гэдгээ эцэслэж, олон нийтэд зарлана хэмээсэн.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш нийслэл болон халдвар бүртгэгдсэн аймгуудын орох, гарах хөдөлгөөнийг хааж, зарим аймагт түүвэр аргаар шинжилгээ авах, зайлшгүй шаардлагатай иргэдийг оруулж, гаргах ажлыг хийх гэж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор нийслэлд 13 салбарын ажилчид хувийн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгслээр тодорхой цагуудад зорчиж байгаа. Хүнс, эмийн сангаас бусад үйлчилгээний газрууд бүгд хаалттай, иргэдийн амьдрах нөхцөл хүндэрч эхлэхэд хүрээд байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ