Д.Цэнджав: Ковидоор өвчилсний дараа хэт эрчимтэй дасгал хийж, дархлаагаа муутгаж байна

2021-10-14

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн Д.Цэнджав коронавирусээр өвчлөөд эдгэсний дараа дур мэдэн сэргээн засах эмчилгээ хийхгүй байх, хөнгөн туссан ч тодорхой хугацаанд эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөв.

Тэрбээр “Халдвараар өвдсөний дараа хүмүүсийн эмнэл зүйн байдлыг хоёр янзаар эрэмбэлнэ:

1.Нэн хүнд, хүнд өвдсөн 

Сэхээний, эрчимт эмчилгээний тасагт, амьсгалын апаратанд байсан хүн эмнэлгээс гараад эмчилгээгээ яаж үргэлжлүүлэх вэ гэвэл тухайн төв болон төрөлжсөн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт мэргэжлийн эмчийн хяналт дор сэргээн засах эмчилгээгээ заавал эмнэлэгээр үргэлжлүүлэн хийх ёстой. Ийм хүмүүст сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхдээ ачаалалд нь тохирсон дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэх хэрэгтэй.

2. Хөнгөн, хүндэвтэр байдлаар өвдсөн

Уушгины хатгаа болж хүндрээгүй хүн сэргээн засах эмчилгээгээг заавал эмнэлгийн байгууллагад үйлчлүүлэн хийлгэх шаардлагагүй. Харин гэр бүл, хамт олонд түшиглэсэн эмчилгээг хийх хэрэгтэй гэж дэлхий нийт үзэж байна. Өөрөөр хэлбэл зайнаас буюу телемедициний аргаар хүмүүсийг эмчлэх арга зүйд сургах аргыг баримталж байгаа.

Ковидын дараах хам шинжүүдийг арилгах зорилгоор батлагдаагүй сүлжээний бүтээгдэхүүнийг их хэрэглэж байна. Бие биедээ ам дамжуулан зөвлөгөө өгч, дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж байна.

Хөнгөн хэлбэрээр өвдөж эдгэсэн залуус дасгал хөдөлгөөнийг хэт эрчимтэй хийснээр сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж байна. Улмаар мэдрэл сулралын хам шинж даамжирдаг.

Ковидын дараах сэргээн засах, тусламж үйлчилгээний заавар удахгүй гарна. Дэлхий нийтэд ч энэ заавар түр хугацаанд гарч, шинэчлэгдэж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ