АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ:Баавгай,луу хоёрын дунд амьд үлдсэн Монгол

Анхдугаар Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их хурлын төлөөлөгчид 15 хоног хуралдсаны эцэст 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд баталжээ. 200 жил Манжийн эрхшээлд байж, дараа нь Хятадын эрхшээлд орохоо шахсан Монгол Улс 1911 оны Үндэсний эрх  чөлөөний хөдөлгөөний ялалтаар  улсынхаа тусгаар тогтнолыг тунхагласан.

Улмаар  1921 оны Ардын хувьсгалын ялалтаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Тэгвэл 1924 онд  бүрэн эрхт, тусгаар  улс гэдгийг илтгэх  хамгийн том эрх зүйн тулгуур,баримт бичиг- Үндсэн хуультай болсон нь түүхэн үйл явдал байв. Хэдийгээр большивекуудын заавраар Зөвлөлтийн Үндсэн хуулийг хуулбарласан хэмээн өнөөдрийн “ардчилагчид” буруутгадаг ч тусгаар тогтнолоо Үндсэн хуулиар баталгаажуулсан Улсын анхдугаар Их хурлын төлөөлөгчдийн хичээл зүтгэл, халуун мэтгэлцээн, эх оронч үзлийг буруутгах боломжгүй, төрийн засаглал, төрийн сүлд,бэлгэ тэмдгээ сонгосныг үгүйсгэж чадахгүй. Угаасаа үгүйсгэгдэхгүй үнэн бол түүхийн үнэн.

XX зууны эхэнд Монголын тусгаар тогтнол ямар эгзэгтэй Хятад, Оросын аль ч тал руу хэлбийж болох ирмэг дээр байсныг түүхийн баримтуудад хэрхэн тэмдэглэж үлдсэнийг зориуд шүүрдэн олсноо хэлж өгье.

-1915 оны Хиагтын гурван улсын гэрээний тухай  бид сонссон.  Тэр гэрээнд  Монгол, Орос, Хятад гурван улс оролцож, гэрээг эцэслэн батлах үед Гадаад Монголыг Дундад иргэн Хятад улсын автономит улс хэмээн Орос, Хятадын зүгээс  тулган зааж өгчээ. 1911 онд тусгаар тогтнолоо зарласан монголчуудын хувьд мэдээж тусгаар тогтнолоо хөрш хоёр их улсаар хүлээн зөвшөөрүүлэх, ӨвөрМонголыг өөртөө нэгтгэн, хилийн цэсээ тогтоох зэрэг болзол тулгасан ч хойно архирах баавгай, урд хүрхрэх луу хоёрын  үгссэн тохироонд хүчин мөхөстсөн байдаг.

Гэхдээ ядаж л улсынхаа он тоололд Дундад улсын онтой өөрийн арван хоёр жилт цаг тооллыг хавсран хэрэглэх, газар нутагтаа хятад иргэдийг олноор оруулахгүй байх, Монголын эзэн хааныхаа зөвхөн цол хэргэмийг Хятадын Да Жунтангаас авахыг зөвшөөрөх гэх мэт саналыг Монголын төлөөлөгчдөөс оруулан батлуулжээ. Тэр үед гэрээнд оролцсон Монголын төлөөлөгчид нийслэл хүрээнд  явуулсан цахилгаандаа “Хятадын бичсэн нь хэтэрхий эзэрхэг, Оросын бичсэн нь бөөрөнхий” хэмээн тодорхойлж байжээ.

XX зууны эхэн үеийн монголчууд улсынхаа тусгаар тогтнолын төлөө ямар их эрмэлзэж байсны гэрч энэ түүхийн тэмдэглэлүүдэд шингэж үлджээ. Хятад яагаад эзэрхэг, Орос яагаад бөөрөнхий байсныг түүхчид Оросууд Хятадуудтай муудалцахаас эмээж байсных гэж үздэг. Гэхдээ 15 оноос хойш Оросууд Хиагтын гэрээг биелүүлэхийн төлөө  тэгтэл чармайгаагүй, Хятадтай ч муудалцахыг хүсээгүй нь дараа дараагийн үйл явдал,баримтуудаар ил болдог аж. Оросууд мөн Хятадтай шууд хиллэхээс эмээж байсан учраас  “жийргэвч улс” хэрэгтэй байсан нь мэдээж газар нутгийн байрлалаар Монголоос өөр хэн байх билээ.

-1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялж, Зөвлөлт засаг тогтсоны дараа хаант засгийнхаа хийсэн бүх гэрээ, хэлэлцээг хүчингүй болгожээ. 1915 оны Хиагтын гэрээ ч Оросын хувьд хүчингүй болов. Улмаар Оросууд Ардын хувьсгалд бэлдэж байсан монголчуудын хүсэлтийг хүлээн зөвшөөрч 21 онд гамин, Бароны цэргийг хөөхөд чухал хувь нэмэр оруулсныг бид мэдэх билээ.Гэсэн ч Монголын өмнө,хойгуур баавгай, луу хоёр сүжирсээр байсан нь 1924 оны нэгэн үйл явдлаар илэрдэг.

-1924 онд байгуулагдсан  Зөвлөлт, Хятад хоорондын  харилцааг зохицуулах гэрээгээр Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гэсэн ч Зөвлөлт Орос улс өнгөн дээрээ ингэж зөвшөөрөөд далдуураа Монголын тусгаар тогтнолыг дэмжсээр байсны нэг алхам нь 1924 оны Үндсэн хууль байв. Бүгд найрамдах улсаа тунхагласан анхдугаар Үндсэн хуулиа Зөвлөлтийн заавраар баталсныг өнөөдөр учиргүй буруутган улстөр хийх нь утгагүй гэдгийг тэр цагийн аясаас харж болно. Учир нь   эзэрхэг эрмэлзлээ байнга тулгах Хятадын  автономит харьяатаас гарах ганцхан хүсэл л монголчуудад байсан нь хойд хөршийг түшихээс өөр сонголт үлдээсэнгүй. Улмаар дэлхийн II дайны дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх нөхцөл бүрдэж, 1945 онд тусгаар тогтнолоо баталгаажуулах бүх нийтийн санал хураалт болж, дэлхийн улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлсэн түүхтэй.

Монгол ингэж тусгаар тогтнолтойгоо үлдсэн ч мэдээж Зөвлөлт Монголд өөрийн бодлогоо тулгасаар 70 жил болсныг огт үгүйсгэх гээгүй. Оросын хувьд  Хятадаас ялгаатай нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Зөвлөлт маягийн нийгмийг байгуулан, ахын ёсоор үгэндээ оруулах замыг сонгожээ.

Энэ замыг сонгосноор монголчууд хэл бичиг, зан заншлаасаа  эхлээд үндэсний онцлогтой олон зүйлээ гээсэн. Гэхдээ улс байхын илэрхийлэл болсон ТУСГААР ТОГТНОЛОО авч үлдсэн. Үүнийг ойлгохын тулд тэр цаг үеийн түүхэн нөхцөл байдлыг уншиж судлахаас эхлэх ажээ. Түүхийн ээдрээт хэсгүүдээс уншсаны дараа  “Баавгай, луу хоёрын дунд амьд үлджээ, Монгол минь” гэж хэлмээр санагдав.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ