
УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны нөөц болон үнийн өсөлтийн талаар мэдээлэл өгөв. Төрөөс шатахууны үнийг зургаан сарын хугацаанд барьж ирсэн бол цаашид үнэ чөлөөлөх бодлогыг баримтлана гэв.
Тэрбээр “Шатахууны нөөц сэргэж байна. ОХУ-аас ирсэн 1044 тонн бензин монголын газар нутагт орж ирсэн байна. Мөн ОХУ-аас дахин 724 тонн шатахуун ирж байгаа.
Хөх хотоос ачигдсан 2500 тонн шатахуун Эрээн дээр ирсэн байна.
Саяхан болсон ОПЕК-ийн гишүүн орнуудын хуралдаанаар олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гараагүй, үүнийг дагаад үнэ нэмэгдсэн.
Өчигдрийн байдлаар нэг баррель газрын тосны үнэ 84 ам.доллар болчихсон байна. Үүнийг дагаад манайд үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцлийг бий болгоод байна.
Цар тахлын улмаас яах аргагүй төр үнийг зургаан сар барьсан. Энэ хугацаанд ААН-үүд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Харин цаашид шатахууны үнийн өсөлт, бууралтад оролцоод байж болохгүй. Үнэ чөлөөлөх ажлыг аажмаар эхлэх шаардлага гарч ирж байна” гэв.