• Хөлбөмбөгийн Домог Марадона нас барж, Аргентин улс гурав хоногийн гашуудал зарлав

    1986 оны хөлбөмбөгийн ДАШТ бидний үеийн хүүхэд залууст хөлбөмбөгийг үнэхээр таниулж, дурлуулсан билээ. Тэрхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн гол тоглогч, бидний шүтээн Аргентины шигшээ багийн ахлагч шавилхан Марадона байлаа. Түүний ур чадвар, тэр ч бүү хэл Английг хожсон “Бурханы гар” нь хүртэл сэтгэлд үлджээ.

    Тэр хөлбөмбөгчнийхөө хувьд ч, амьдрал дээрээ ч домог амьдарсан билээ.

    Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа нас барлаа.

    Арваннэгдүгээр сарын эхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр түүнд эрүүл мэндийн үзлэг хийх үеэр субдураль гематом хэмээх өвчин туссан гэж оношлогджээ. Маргааш нь түүнийг өөр эмнэлэгт шилжүүлж, тархины хагалгааг амжилттай хийсэн гэж орон нутгийн телевиз мэдээлсэн.

    Урьдчилсан мэдээллээр бол Марадона мэс засал хийлгээд бие нь тэнхэрч гэртээ байжээ. Түүнийг мөн зүрхний шигдээс өвчтэй байсан гэсэн мэдээлэл байгаа ч энэ талаар албан ёсны мэдээлэл алга.

    Хамгийн сүүлд Диего 10-р сарын 30-нд түүний насны ойд зориулсан Аргентины аварга шалгаруулах тэмцээний 1-р тойргийн тоглолт дээр олны өмнө гарсан юм. Тэмцээний өмнө түүнд дурсгалын самбар гардуулжээ.

    Аргентины засгийн газар экс хөлбөмбөгчин Диего Марадонаг нас барсны дараа гурван өдрийн гашуудал зарлалаа. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдлээс иш татан ТАСС мэдээлэв.

    “Диего Армандо Марадона нас барсантай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч өнөөдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарласан болно” гэж илгээлтэд дурджээ.

    Марадона, Пеле хоёрын хэн нь агуу болох маргаан үргэлжилсээр л байгаа. Гэхдээ Пелег хөлбөмбөгийн хаан гэдэг бол Марадонаг Домог гэдэг билээ.

    Кубын удирдагч агсан Фидель Кастротой нөхөрлөж, Италид тоглож байхдаа кокаин хэрэглэсэн хэмээгдэн нутаг буцаж байлаа.

    Марадона Аргентин, Европын клубуудад тоглож байхдаа 490 тоглолтонд 259 гоол оруулсан юм. Тэрбээр “Архентинос хуниорс”(1976-1981), “Бокио Хуаниорс” (1981-1982), “Барселона” (1982-1984), “Наполи” (1984-1991), “Севилья” (1992-93), “Ньюеллын Хуучин хөвгүүд” (1993) -1997) тоглосон.

    Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд хөлбөмбөгчин 91 тоглолт хийж, 34 гоол оруулжээ. Аргентины шигшээ багийнхаа хамт 1986 оны ДАШТ-д түрүүлж, 1990 оны ДАШТ-д шигшээд үлдэн Германд хожигдож байлаа.

    Марадона тоглогчийн карьераа дуусгаад Аргентин, Италийн сувгуудад тоглолтын тайлбарлагчаар ажилласан. 2005-2006 онд тэрээр “Бока Хуниорс” клубын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 2008-2010 онд тэрээр Аргентины шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан бөгөөд шигшээ баг нь ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ