Монголын үндэсний бөхийн холбооноос онооны самбар, барилдааны хугацаа бүхий шинэлэг дүрэмтэй “Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийг зохиох болсон талаараа өнөөдөр мэдэгдсэн.
Гэвч бөх сонирхогчдын зарим нь уг тэмцээн үндэсний бөхийн уламжлалыг эвдэж, дүрмийг үймүүлэх эрсдэлтэй хэмээн эсэргүүцсэн юм.
Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Оноолтын систем нэвтэрч байгаагаас бусдаар үндэсний бөхийн дүрэмтэй ижил. Үндэсний бөхийн дүрэмд шинэлэг хэлбэрийн барилдаан зохиож болохгүй гэсэн заалт байхгүй. Энэ бол цар тахлын үед бөхчүүдийн бэлтгэл сургуулалтыг сайжруулах, сонирхол татахуйц телевизийн контент бүхий барилдаан юм.
Аливаа зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөж байх хэрэгтэй. МҮБХ нь бөхийн барилдаан зохион байгуулах спортын байгууллагуудтай бүх талаар хамтарч ажиллана. Энэ барилдаанаас гадна цаашид бөхчүүдийн дунд тэмцээн уралдаан, хөгжөөнд нэвтрүүлэг зохионо.
Бүх зүйл хуучин уламжлалаараа байх ёстой гэдэг үзлийг байнга нэгдүгээрт тавьж болохгүй. Хүмүүсийн сонирхлыг татах хэрэгтэй. Үндэсний бөхийн 6 цаг үргэлжлэх барилдааныг үзээд суудаг хүн хэд байдаг билээ. Уламжлалт барилдаанууд болдгоороо болно” гэв.