Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хоригийг уламжлал ёсоор алдаатай гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавиад байна. Харин хоригийг хүлээж авах эсэхийг Байнгын хороо, УИХ-аар 14 хоногт багтаан хэлэлцэх хуультай.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хоригийг алдаатай гэлээ. Ч.Хүрэлбаатар “2021 оны төсвийн хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээ” гэж жиргэлээ.

Ерөнхийлөгч жил бүрийн төсвийн тухай хуульд хэсэгчлэн болон бүхэлд нь  хориг тавьж ирсэн юм. 2020 оны төсөвт хэсэгчлэн буюу 4 хориг тавьсан.  УИХ-аар уг хоригийн гурвыг нь хүлээж авах боломжгүй гэж үзэж, нэгийг нь хүлээж авахаар шийдвэрлэж байсан удаатай.

Харин энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэнээ илэрхийлсэн.

  • Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  • Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  • Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх гэсэн юм.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ