• Л.Цэдэвсүрэн:Шинжлэх ухаанч соёлыг улсын бүх салбар, түвшинд нэвтрүүлье

    2020-11-25

    Монголын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэдэг. Уламжлалт сэтгүүлийн 17 дахь дугаарын зочноор БШУ-ны Сайд Л.Цэдэвсүрэн уригдлаа.

    -Шинжлэх ухааны ажилтны өдрийн мэнд хүргэе, Таны хувьд салбарын яамнаасаа дэвшиж Засгийн газрын гишүүн болсон нь нэг талаар их том итгэл, нөгөө талаар үүрэх ачаагаа мэдэх тул том хариуцлага байсан болов уу?

    -Шинжлэх ухаан, технологийн салбарын нийт эрдэмтэн судлаачид, албан хаагчид, энэ салбарын түүхийг бүтээлцсэн ахмад эрдэмтэд, буурлууддаа  шинжлэх ухааны ажилтны өдрийн мэндийг дэвшүүлье.

    Шинжлэх ухааны ажилтны өдөртэй давхцан энэ жил Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 99 жил, Шинжлэх ухааны академийн 59 жилийн ой тохиож байгаа. Манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжил, эрдэмтэн судлаачдын судалгааны арга дээр тулгуурласан, судалгааны үр дүнгээр гарган авсан мэдлэг, технологи, инноваци, бүтээгдэхүүн Монгол Улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь бахархууштай юм.

    Өнгөрсөн жил Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хандлагаа өөрчилье” уриатайгаар амжилттай зохион байгуулж, их хурлаас дэвшүүлсэн зорилт, зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор  Засгийн газрын 379 дүгээр тогтоолыг баталсан онцлог жил байлаа.

    Салбарын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, хэрэгжилтийг чанартай, үр дүнтэй зохион байгуулах, эрдэмтэн, судлаач, ажилтан нараа дэмжих, хөгжүүлэх, шинжлэх ухаанч соёлыг нэвтрүүлэх нь миний үүрэх ачаа, хариуцлага минь байх болно.

    -Нэг талаар салбараа мэддэг хүний хувьд Сайдын эхний ажлын төлөвлөгөөнд хамгийн түрүүнд хийж гүйцэтгэе гэж төлөвлөсөн ажил юу байсан бэ. Тухайн ажлын явцыг сонирхож байна?

    -Салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг “Алсын хараа-2050”, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, ЗГҮАХ-т тусган батлуулсан. Энэхүү бодлого, төлөвлөлтөө хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалт, менежмент, санхүүжилтийн механизмыг  боловсронгуй болгох ажлыг эхлүүлээд байна.

    Засгийн газраас өргөн баригдсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн. УИХ-аар батлагдсан 2021 оны төсөвт салбарын судалгаа, шинжилгээний ажлын санхүүжилтийн бүтэц, чиглэлийг оновчтой хэлбэртэй байхаар батлууллаа.

    Салбарын дэд бүтэц, судалгаа шинжилгээний лаборатори, техник тоног төхөөрөмжийг олон улсын түвшинд хүргэх, судлаач эрдэмтдийн хамтын ажиллагааг сайжруулах, судалгааны ажлын үр дүнг улсын, салбарын хөгжилд нөлөөлөхүйц хэмжээнд хүргэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Үүний нэг сайхан жишээ нь саяхан Шинжлэх ухаан, технологи, инновацийн кластерын барилгын ажлыг эхлүүллээ. Монгол Улс анх удаа улсын төсвийн хөрөнгөөр 7 барилгаас бүрдсэн нэгдсэн шинжлэх ухааны кластер байгуулж байна.

    -БШУЯ-ны үндсэн үүрэг нь боловсрол, шинжлэх ухаан, оюун ухаан, мэдлэг үйлдвэрлэгч үндсэн салбарыг удирдан чиглүүлэх. Энэ салбарууд улсын хөгжил, эдийн засгийн бүтээмжид шууд буюу эергээр нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл нь болж ирсэн. Зөв менежмент, сайн бодлого гэж олон жил ярьсан. Таны хувьд өөрчлөлтүүдийг хэрхэн хийснээр томоохон үр дүнд хүрнэ гэж харж байна вэ?

    -Улс, салбар, байгууллага, гэр бүл, иргэний хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа нь шинжлэх ухаанч судалгаа, шинжилгээнд суурилсан, үндэслэлтэй, үр дүнд хүрэхүйц, бодитой байх ёстой гэж үздэг. Судалгаа, шинжилгээний ажлын чиглэл зөв тодорхойлогдон, судлаач эрдэмтдийн хамтын нэгдэл, баг зөв бүтэцтэй байхаар зарим зохион байгуулалтын өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт гэхээр эрдэм шинжилгээний хүрээлэнгээ нийлүүлж, салгах асуудал гэж ойлгож болохгүй. Бид өнгөрсөн хугацаанд ийм чиглэлээр олон удаа бүтцийн өөрчлөлт хийсэн, ахиц дэвшил бага зэрэг гарсан ч уялдаа холбоо, үр дүн төдийлөн сайжрахгүй байна.

    Шинжлэх ухаан төрийн ивээлд, төрийн бодлогын тэргүүн эгнээнд байх ёстой. Шинжлэх ухаанч соёлыг улсын бүх салбар, түвшинд нэвтрүүлж, хэрэглээнд оруулах хэрэгтэй гэж үздэг. Тийм учраас Шинжлэх ухааны академийн статус, чиг үүргийг оновчтой болгож, Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн статусыг чанаржуулж, үйл ажиллагааг тогтмолжуулж, удирдлагын уялдаа холбоог сайжруулна. Шинжлэх ухаан, технологийн сангийн бүтэц, үйл ажиллагааг өөрчлөх, хүрээлэн, их сургуулиудын  судалгаа шинжилгээний ажлын уялдааг сайжруулж, эрдэмтдийн үндэсний баг бүрдүүлж, судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлэх ажлыг тасралтгүй, тууштай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    -Сүүлийн 2 жилийн дундаж буюу нэг жилийн судалгаа, боловсруулалтын ажлын төсвийн хуваарилалт 12 тэрбумд хүрсэн. Гэсэн ч энэ нь ДНБ-тэй харьцуулахад чамлалттай тоо гэдэг. 2020 оны сүүлийн хагаст төслийн санхүүжилт үнэндээ зогссон. Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил хангалттай санхүүжилт, сайн засаглал, зөв менежменттэй шууд холбоотой. Энэ тогтолцоонд Та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

    -Бид судалгаа шинжилгээнд зарцуулж буй төсөв, санхүүжилтийг зөвхөн Шинжлэх ухаан, технологийн сангийн батлагдсан төсвийн хүрээнд яриад байдаг л даа. Салбарын хэмжээнд, компанийн хэмжээнд, аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд судалгаа шинжилгээний ажилд зарцуулж буй төсөв, санхүүжилтийн хэмжээг нэгтгэн гаргаж чадаагүй байна.

    2020 оны байдлаар, шинжлэх ухаан, технологийн 315 төсөл өмнөх оноос үргэлжлэн хэрэгжиж байгаа юм. Шинжлэх ухаан, технологийн сангийн төсөв 2020 онд 12 тэрбум төгрөгөөр батлагдсан боловч УИХ-ын энэ намрын төсвийн хуулийн тодотголоор 2.6 тэрбум төгрөг болж буурсан. Ингэснээр өмнөх оноос үргэлжлэн хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийн зөвхөн 40 орчим хувийг л олгож байна. Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжуулан улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн болон одоо санхүүжүүлж байгаа төслүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, үр дүнг тус сангийн цахим хуудсаар нээлттэй болгосон. Мөн сүүлийн 3 жилийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслүүдийн чиглэл, агуулга, үр дүн, давхцалд судалгаа хийж байна. Төсвийн хөрөнгөөр хийгдсэн судалгаа шинжилгээний ажил бүхэн үр дүнтэй байж, амьдрал практикт нэвтэрч, үр өгөөжөө өгч байх ёстой.

    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухаан, технологи, инновацид зарцуулах санхүүжилтийн хэмжээг 2024 он гэхэд 4 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө бид зөв бодлогоор, зөв менежментээр ажиллах ёстой. Манай улсын хувьд судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилт 2021 онд өмнөх онтой ижил түвшинд батлагдсан. Энэ нь цар тахалтай холбоотой улсын төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдсан. Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт сүүлийн 3 жилд ДНБ-ний 0,12 хувиас хэтрээгүй.

    Судалгаа боловсруулалтын ажилд зарцуулж буй төсвийн бус эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр төр, хувийн хэвшлийн байгууллага бүх шатандаа онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Ялангуяа, техник, технологийн захиалгат судалгаа, туршилтыг үйлдвэр, аж ахуйн газар, хувийн секторын захиалга хөрөнгөөр гүйцэтгэдэг байх хэрэгтэй. Төрөөс судалгаа хөгжүүлэлтийн ажилд хувийн хэвшлээс оруулсан хөрөнгийг татварын бодлогоор урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зэргээр аж үйлдвэр, хувийн секторынхантай илүү нягт хамтарч ажиллах чиглэлд анхаарч байна.

    Гадаад улс орнууд шинжлэх ухаан, технологи, инновацид зарцуулах төсөв хөрөнгөө улам бүр нэмэгдүүлсээр байгаа. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын практикаас харахад, шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн 20 хувийг цалинд, 80 хувийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулдаг бол, манай улсын хувьд 67,3 хувийг цалин, тогтмол зардалд, үлдсэн 32,3 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна.

    -Шинжлэх ухааны салбарын түүхэнд тохиосон том ажлын эхлэл Шинжлэх ухаан, технологи, инновацийн кластерын бүтээн байгуулалт гэж Та хэлсэн. Энд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, ур чадваржуулах улмаар олон улсын түвшний судалгаанд дөхөж очиход хүрээлэн, их, дээд сургууль, гарааны компанийн хамтын ажиллагаа, төр-хувийнхны оролцоо чухал гэдэг ч арай л нэгдэж ажиллаж чадахгүй байна гэдгийг ч Та мөн дурдлаа!   

    -Засгийн газрын 2019 оны 379 дүгээр тогтоолд тусгагдсан энэхүү бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлсэн нь манай салбарын түүхэнд тохиолдсон түүхэн тэмдэглэлт үйл явдлуудын нэг гарцаагүй мөн. Энэхүү цогцолбор нь 74300м2 тайлбайд баригдах 7 хэсэг барилга байгууламжаас бүрдэж байгаа томоохон бүтээн байгуулалт. Энэхүү шинжлэх ухаан, инновацийн кластерт орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан салбар дундын судалгааны төвүүдийг байршуулахаар төлөвлөж байгаа.

    Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдэд улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан үндэсний судалгааны төвүүдийг бий болгох, хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн. Энэхүү нэгдсэн кластерийн цогцолбор байгуулагдаж ашиглалтад орсноор эрдэмтдийн судалгааны төвлөрлийг бий болгох, тэднийг хамтарч судалгаа шинжилгээгээ хийх боломжийг бүрдүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг төвлөрүүлэх, чадавхжуулах бодлогуудыг хэрэгжүүлнэ. Ингэснээр манай салбарын өрсөлдөх чадвар олон улсын түвшинд хүрч, үндэсний инновацийн тогтолцооны үндэс суурийг бүрдүүлэх, чанаржуулахад чухал алхам болно гэж үзэж байна. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх талаарх төрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн ахиц дэвшил гарна.

    -Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын хариуцлагыг өндөржүүлж, гүйцэтгэлийн хяналтыг боловсронгуй болгох, ялангуяа төслийн давхцалыг арилгана гэж Та хэлж байсан. Жил бүрийн төслийн шалгаруулалтыг үндсэндээ яам зохион байгуулдаг. Ийм байсаар байх уу эсвэл тогтолцооны өөрчлөлт хийх үү?

    -Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг зөв тодорхойлох, улсын захиалгат төслүүдийн эрэмбэ тогтоох, салбарын ирээдүйн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах, төслийн сонгон шалгаруулалтын эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэхийн төлөө ажиллаж байна. Төслийн захиалга, баримт бичиг, сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлнэ.

    Судалгаа шинжилгээ, төслийн үр дүн аж үйлдвэр, үйлдвэрлэл, технологид нэвтэрч, эдийн засгийн өсөлтийг хангахад бодит нөлөөлөл үзүүлж чадаж буй эсэхийг бүрэн тооцоолон гаргаж чадаагүй байна. Энэ ажлыг цэгцэлж сайжруулах арга хэмжээ авна. Цаашдаа эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд жижиг жижиг төслөөр, судалгааны үндсэн чиглэлээр санхүүжилт авч амьдардаг буруу тогтолцоог өөрчилнө. Судалгааны үндсэн чиглэл, өрсөлдөөнт төслийн санхүүжилтийг ялгаж олон улсын хөгжлийн жишиг хандлагад нийцүүлнэ.

    Цаашид төслийн сонгон шалгаруулах багийг мэргэжлийн эрдэмтдээр өргөтгөх, төслийн өртөг зардлыг бодитой тодорхойлох, хянах, төслийн хяналт, мониторингийн тогтолцоог оновчтой болгох, төслийн тайланг эцэслэн хүлээж авахдаа итгэмжлэн хадгалагч үр дүнгийн даалгаврыг нягтлан хянах, төсөл хэрэгжүүлэх гэрээнд оюуны бүтээлийг хэрхэн эзэмших, төслийн үр дүнг хэн үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх талаар тодорхой тусгах, төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхтэй холбоотой хөрөнгийг захиалагчийн төсвийн багцад жил бүр тусгадаг журамд шилжүүлэх зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд цөөнгүй байна.

    Засгийн газраас баталсан “Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ын хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана. Тэргүүлэх чиглэл, цөм технологийн хүрээнд 18 технологийн бааз суурийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх нь улсын эдийн засагт нэн ач тустай төдийгүй нөгөөтэйгүүр судалгаа боловсруулалтад зарцуулах хөрөнгийг салбарын тэргүүлэх ач холбогдолтой төсөл, хөтөлбөрт төвлөрүүлэх шаардлагатай.

    Засгийн газраас 2019 онд Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах санал боловсруулж ЗГ-аар батлуулах үүрэг өгөгдсөн. Энэ ажил ямар түвшинд байгаа вэ?

    -Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэн, олон улсын ижил төстэй байгууллагын үйл ажиллагааны менежментийг судлан Шинжлэх ухаан, технологийн сангийн бүтэц, зохион байгуулалт, менежментийг өөрчлөх ажил хийгдэж байна.

    Шинжлэх ухаан, технологийн сан нь одоогоор зөвхөн судалгааны төсөлт ажлыг санхүүжүүлэхэд бүрэн чиглэгдэж байгааг өөрчилж их, дээд сургуулийн магистрант, докторантад судалгааны тэтгэлэг олгодог байх, эрдэмтэн судлаачдад постдокторын грантыг олгодог нээлтэй өрсөлдөөнт хэлбэрийг илүү дэмждэг сан болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна. Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг санхүүжүүлдэг олон эх үүсвэрийг бий болгох шаардлага ч байна, тухайлбал “Эндоумент сан” бий болгох гэх мэт. Хувийн хэвшлийн шинжлэх ухаан, технологийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тооцоолох, тэдний оролцоог нэмэгдүүлэх талаар бодлого, эрх зүйн тодорхой баримт бичиг батлахаар ажиллаж байна.

    Шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэрэгжүүлэх асуудал аль ч улс орны хувьд тэргүүлэх зорилт байж, хангалттай санхүүжилт олгож байж үр шимийг нь хүртэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэгээс доошгүй хувийг шинжлэх ухаандаа зарцуулж байж үр шимийг нь хүртэх боломжтой болохыг бусад улс орны туршлагаас харж болно. Уул уурхайн технологи шингээгүй бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн улс орны эдийн засаг бусдаас хараат, тогтворгүй, эмзэг болохыг бид жилээс жилд мэдэрсээр байгаа. Тэгэхээр боловсрол, шинжлэх ухаандаа зарцуулах хөрөнгийг эрс нэмэгдүүлэх замаар оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавих цаг нь болсон.

    -Хүний нөөцийн хувьд шинжлэх ухааны салбар маань ямар түвшинд явна. Судалгаа хөгжүүлэлтийн ажил бол чадвартай эрдэмтэд, судлаачдын хүчээр хөгжиж байдаг. Хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлд ямар алхамууд хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

    -Шинжлэх ухаан, технологийн салбарт 65 эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 35 нь төрийн өмчийн, 7 нь хувийн хэвшлийн хүрээлэн, мөн төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 13 их сургууль эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажил хийж байна. Манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны  байгууллагуудад 4277 ажилтан ажилладгаас шинжлэх ухааны доктор 109, боловсролын доктор 724 хүн байна.

    Манай орны хувьд их дээд сургуулийн багш, судлаачдыг оролцуулаад 1 сая хүнд 520 орчим судлаач ногдож байгаа нь дэлхийн дунджаас 3 дахин бага юм. Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогод 2025 он гэхэд салбарын хүний нөөцийг 3 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Шинжлэх ухаан, технологи, инновацийн кластерын нэгдсэн цогцолбор, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн лабораторийн барилга, Шинжлэх ухааны паркийн бүтээн байгуулалттай уялдуулан хүний нөөцөө сургаж бэлтгэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгамдаж эхэлнэ.

    Салбарт маань чадварлаг эрдэмтэн, судлаачид олон байгаа ч залгамж үеийг нь тасралтгүй бэлтгэж байх ёстой. Цаашид эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх, чадавхжуулах, ахисан түвшний суралцагсдыг судалгаа боловсруулалтын ажилд татан оролцуулах, сургалтыг нь оновчтой, үр дүнтэй хэлбэрээр шинэчлэн зохион байгуулах шаардлага бий. Энэ чиглэлд их сургуулиуд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Гадаадад ажиллаж байгаа монгол эрдэмтэн судлаачдаа эх орныхоо шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд татан оролцуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, цалингийн тусгай сүлжээг бий болгох, эрдэм шинжилгээний ажилтнуудыг орон сууцанд хамруулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг шийдвэрлэхийн төлөө бодлого, зорилтоо тодорхойлоод ажиллаж байна.

    Эх сурвалж: ШУТСАН “Шинжлэх Ухаан-2020” сэтгүүлийн 17 дахь дугаар

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ