• Хөл хорионы дэглэм сахилгүй, халдвар тараасан нь тогтоогдвол 3-5 жилийн хорих ялтай

    2020-11-25

    ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан:

    Халдвар авсан иргэдтэй ойрын, дам хавьтал болсон иргэд онцгойлон дэг сахих шаардлагатай байна. Дэг журам сахихгүй бол энэ өвчин нутагших аюултай.  Эдгээр хавьтлуудыг олж тогтоох нь маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр ордог. Хавьтлууд нь өөрийн явсан маршрутаа санадаггүй, хэлдэггүй, нуудаг байдлаас болж сунжрах байдалтай байна.

    Ойрын хавьтал, дам хавьталд байсан иргэд ямар нэгэн санаатай болон санамсаргүй байдлаас болж халдварт өвчин түгээвэл Зөрчлийн тухай хуулийн 5.13, Эрүүгийн хуулийн 15.6 дахь зүйлд заасны  дагуу хариуцлага тооцно.

    15.6 дугаар зүйл.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

    1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    2.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    Ойрын болон дам хавьтал болсон иргэд хаа байгаа газартаа шинжилгээнд орох хэрэгтэйг дахин сануулав.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ