“Хангарьд ордон”-д Улсын дээд шүүх үйл ажиллагаагаа явуулна

Засгийн газрын хуралдаанаас НЗДТГ-г арванхоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг дахь шинэ байрандаа нүүж орох шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан “Хангарьд ордон”-ыг дуудлага худалдаанд оруулж, худалдаалахаар шийдвэрлээд байгаа. Дуудлага худалдааны эхний үнэ нь 43 тэрбум төгрөг гэх мэдээлэл цацагдаж байсан.

Тэгвэл уг ордныг Ерөнхийлөгч Улсын дээд шүүхэд өгөх чиглэлийг Засгийн газарт өгсөн байна. Энэ талаар өнөөдөр Төрийн ордонд болж буй нийт шүүгчийн анхдугаар чуулганы хуралдаанд тэрбээр мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн тэргүүний хувьд Улсын дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн. Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Мөн нийгмийн амьдрал хурдацтай хөгжихийн хэрээр шүүгчийн шийдэх асуудлын ачаалал асар нэмэгдэж байгаа. Энэ асуудалд ч онцгой анхаарч ажиллах ёстой болж байна.

Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллахаа илэрхийлж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn