
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймагт цар тахлын нөхцөл байдлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл хангаж байгаа болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа.
Баян-Өлгий аймагт халдварын тохиолдол 5934 бүртгэгдсэнээс одоогоор 344 хүн эмнэлэгт, 1778 хүн гэрийн тусгаарлалтад байгаагийн 56 хүний биеийн байдал хүнд, 6 хүн нэн хүнд байна.
Хүн амын дунд халдвар тархах эрсдэл эрчимтэй байгаа тул ХӨСҮТ-өөс томилогдсон Үндэсний зөвлөх багийн эмч мэргэжилтнүүд тус аймагт ажиллаж, мэргэжил арга зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
УОК-ын даргын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар өдөрт 20 баллон цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн үйлдвэрийг энэ сарын 10-нд ашиглалтад оруулснаар хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй болжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн эмчилгээний эмийн хангамж 10 хоногийн нөөцтэй байгаа аж. Цаашид суурин рентген аппарат, алсын зайн дуудлагын тусгай зориулалтын машин нэн шаардлагатай байгааг Шадар сайд шийдвэрлэв.
Баян-Өлгий аймагт хүн амын вакцинжуулалтын явц улсын дунджаас бага байгаа нь вакцины сонголт, хүн амын шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрүүтэй холбоотойг Аймгийн Засаг дарга Д.Бауыржан тайлбарлалаа.
Засгийн газар иргэдээ сонголттойгоор вакцинжуулах боломжийг бүрдүүлж байгаа. Иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангаж, вакцинжуулалтыг эрчимжүүлж, нөөц бүрдүүлэхийг Шадар сайд үүрэг болгов.
Тус аймагт өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малчдын түвшинд 64300 тн өвс, 7750 тн тэжээл, аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1460 тн өвс, 495 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Энэ жилээс аймаг орон нутгууд өвөлжилтийн бэлтгэлийг өөрсдөө хангаж, хадлан, тэжээл бэлтгэхийг дор бүрдээ зохион байгуулах чиглэл Засгийн газраас өгсөн учраас цар тахлын үед салбар хоорондын уялдаа холбоог сайтар хангаж, цаг алдалгүй зохион байгуулахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.
2021-2022 оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд 44 сургуульд 25 мянга гаруй хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 2500 гаруй хүүхэд элсэх юм. Харин 52 цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд хамрагдана.
Сургалтын үйл ажиллагааг цахим болон танхим хосолсон хэлбэрээр явуулах учир хүүхэд багачуудаа эрсдэлд оруулахгүй үүднээс сургууль, цэцэрлэгийн бэлтгэлийг сайтар хангах, эцэг, эхийн оролцоог нэмэх, ялангуяа, өвдсөн хүүхдийг сэтгэл зүйн хямралд оруулахгүй талаас онцгой анхаарахыг үүрэг болгов.