Б.Шоовдор, Э.Даваачимэг нар медаль хүртэж, манай нядханууд багаараа хүрэл цомын эзэд боллоо

2021-10-08

Осло хотод болсон ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлийн сүүлийн өдөр буюу өчигдөр манай гурван нядхан хүрэл медалийн төлөө барилдаж, Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Даваачимэг хүрэл медалийн төлөө Европын аваргын мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүч үзэж, 11:8-аар ялснаар дэлхийн медальтан болсон. Энэ нь олимпийн жин 57 кг-д эмэгтэй бөхчүүдээс анхны медаль.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Майя Нильсоныг 4:3-аар яллаа. Б.Шоовдор сүүлийн дөрвөн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж ийнхүү дараалан гурав дахь хүрэл медалиа зүүж байна.

Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурван удаа болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь тамирчин (Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор) боллоо.

Харин эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Э.Даваанасан хүрэл медалийн төлөө Германы Анна Шеллтэй барилдан барилдааныг манай бөх 4:3-аар тэргүүлж явсан ч цаг дуусахаас 1:30 минут дутуу байхад мушгиулж дөрвөн оноо алдан тэндээсээ цэвэр даруулж ялагдлаа.

“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өндөрлөж, Монголын баг нийт зургаан хүрэл медальтай тэмцээнээ дуусгав. Дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн боллоо.

Хамгийн сүүлд манай эмэгтэй бөхчүүд 2013 онд Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д багаараа хоёрдугаар байр эзэлснээс хойш анх удаа шагналын тавцанд зогсч байна.

Эмэгтэй багийн дүнгээр Токиогийн олимпийн наадамд оролцсон тамирчдаас ганц ч Ослод ирээгүй, дан залуучуудаа илгээсэн Япон улс 196 оноогоор тасархай тэргүүлж,  АНУ 147 онооогоор аман хүзүүдлээ.

Холбоотой мэдээ