Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж томиллоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УДШ-ээс нэр дэвшүүлсэн Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг дэмжээд байв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хориод жилийн туршлагатай маш сайн хуульчийг оруулж ирж байгаад баяртай байна. Ийм байдлаар Үндсэн хуулийн Цэцэд гэрэл гэгээ ажиглагдаж байна. Үе үеийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүд үргэлж дарга, албан тушаалтнуудад үйлчилж байсан гэдэг хувь хүний бодол бий. Тэгэхээр хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан үүнийг шийд гэж танд даалгавал түүнийг хүлээж авахгүй байж чадах уу гэж нэр дэвшигчээс асуумаар байна. Нөлөөнд орохгүй, ёс зүйгээ сахиж чадах уу” гэж асуув.

Нэр дэвшигч Д.Гангабаатар “Үндсэн хуулийн цэцийн гишүүний баримтлах хэд хэдэн зүйлийг Үндсэн хуульд шууд тусгасан байдаг. Жишээ нь, Үндсэн хуульд захирагдан ажиллах, ялангуяа улстөрчдөөс хараат бус ажиллах зарчмыг тусгасан. Хэрвээ томилогдвол энэ зарчмыг баримтлан ажиллана” гэв.

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэнээр Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томиллоо.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn